А аминдэмийн дархлаажуулалт эхэллээ
Жил бүр улсын хэмжээнд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу зургаан сартайгаас тав хүртэлх настай хүүхдийг өндөр тунт А аминдэмд хамруулдаг. Тэгвэл энэ жил дөрөвдүгээр сарын 18-наас буюу өнөөдрөөс харьяа дүүргийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвд хүүхдийг А аминдэмд хамруулж эхэллээ.
А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааны системийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Түүнчлэн төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаан бурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэх эрсдэлийг бууруулдаг.
Манай орны хувьд тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд А аминдэмийн дутагдал өндөр байдаг. А аминдэм дутагдахад хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа, цус төлжилт муудаж, арьс, салст хуурайших шинж тэмдэг илэрдэг.
А аминдэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд:
- Хүүхдийг төрсөн даруйд ангир уургаар амлуулах
- Зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох
- Зургаан сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 ба түүнээс дээш нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх
- Үр тариа, мах, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногоо зэрэг 5 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх хэрэгтэй.
Түүнчлэн хүүхдийг А аминдэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд харьяа өрх, сумын Эрүүл мэндийн төвд хандаж өндөр тунт А аминдэмийг жилд хоёр удаа заавал уулгах шаардлагатай. Үүнд:
- Зургаан сартайгаас 11 сартай хүүхэд 100,000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн тав болон арваннэгдүгээр сард ууна.
- 12 сартайгаас тав хүртэлх насны хүүхэд 200,000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн тав, арваннэгдүгээр сард ууна.
- Харин зургаа хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авна.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР