Шатахууны онцгой албан татварыг тэглэх санал гаргажээ

Шатахууны онцгой албан татварыг тэглэх санал гаргажээ

 

Шатахууны онцгой албан татварыг тэглэх санал гаргажээ

 

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны онцгой албан татварыг тэглэх санал оруулжээ. Гэвч энэ саналыг дараа хэлэлцэхээр хойшлуулсан байна. Мөн тус хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явц болон цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн юм. Тавантолгойн дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг маргааш нээлттэй болгоно. Одоогийн байдлаар зургаан оролцогч тендерийн материалыг худалдаж авсны тав нь БНХАУ-ынх, нэг нь ОХУ-ын компани байгаа талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэв.

 

Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн

 

Сэргээгдэх эрчим хүчээр дэлхий нийт эрчим хүчний хэрэглээгээ хангаж байгаа үед Монгол орны онцлогт тохирох нь усан цахилгаан станц гэж Засгийн газар үзжээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Ховд гол дээр 90 МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих гэж байгаа. Барилга угсралтын ажил эхлэх бүх бэлтгэлийг бүрэн хангасан. Энэ станц ашиглалтад орвол ногоон эрчим хүчээр баруун бүсийн урт хугацааны эрчим хүчний хэрэглээг хангах боломж бүрдэнэ. Усан цахилгаан станц барихтай холбоотой шинээр бий болох усан сангийн газарт амьдарч байгаа нутгийн мал бүхий газар тариалан эрхэлдэг 270 өрхийн 1251 иргэний асуудал хүндрэлтэй байгаа. Эрх зүйн зохицуулалтаар дээрх иргэдийн зөвхөн үндсэн хөрөнгөд үнэлгээ хийж, нөхөн олговор олгож байна. Нөхөн олговрыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа. Биет бус соёлыг үнэлэх талаар яаман дээр тодорхой санал боловсруулж, Ерөнхий сайдтай зөвшилцөхөд дэмжсэн. Тиймээс ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрийг эцэслэн гаргана” гэж ярилаа.

Засгийн газраас цахилгаан автомашины тоог нэмэгдүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд цэнэглэх тоног төхөөрөмж  бүхий суурин найман станцыг байгуулжээ. Эдгээрт нэг  кВт цахилгааныг 300-1000 төгрөгөөр борлуулж байгаа юм. Хэрэв нэг кВт цахилгааныг 300 төгрөгөөр тооцон цэнэглэвэл 100 километр газар туулахад 5850 төгрөг зарцуулна. АИ92 шатахууны ханшаар тооцвол 2-3 литр шатахууныг 100 километрт зарцуулж байгаатай адил гэж Н.Тавинбэх сайд ярилаа.

Үүнээс гадна ээлжит хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд талуудын уулзалт зохион байгуулж, Ойн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна. Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсны сацуу Кино бүтээх зардлын буцаан олголтын хүсэлт гаргах, төслийг хянах, бүртгэх, гэрээ байгуулах, үнэлэх, тайлагнах, зардлын тодорхой хувийг буцаан олгох журмыг баталлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 65 (6797)

скачать dle 12.0