ҮАГ: Хүнсний сүлжээний бүх үе шатанд тавих хяналтын тогтолцоо бүрдээгүй гэж үзжээ
Үндэсний аудитын газраас Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд аудит хийж, дүгнэлт гарган зөвлөмж боловсруулж, УИХ болон холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүллээ. Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо үр нөлөөтэй эсэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад төсвөөс зарцуулсан хөрөнгө үр дүнтэй эсэхэд аудитын зорилтыг чиглүүлжээ.
Аудитын дүгнэлтэд төрөөс баримтлах бодлого, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүйгээс үүдэн хүнсний сүлжээний бүх үе шатанд тавих хяналтын тогтолцоо бүрдээгүй, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Кодексын үндэсний зөвлөл хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг онцолсон байна.
Үндэсний аудитын газраас Монгол Улсын Засгийн газар болон холбогдох төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт болон холбогдох бусад байгууллагуудад нийт 23 зөвлөмжийг хүргүүлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг зөвлөсөн байна.