О.Батбаяр: Вакцины нэмэлт тун Омикрон хувилбараас 90% хамгаалж байгаа тухай судалгааны үр дүн гарч эхэллээ
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр коронавирусийн Омикрон хувилбартай холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр "Коронавирусийн Омикрон хувилбарын халдварлах чадвар, вакцины нөлөө, эмчилгээний тактик өөрчлөгдөх эсэх нь тодорхойгүй байна.
ДЭМБ-аас Омикрон хувилбарыг аюултай ангилалд оруулж, улс орнуудыг геномын судалгааг эрчимжүүлэх уриалгыг хүргүүлсэн. Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс коронавирусийн геномын судалгааг хийж бусад улсад мэдээллээ нээлттэй хуваалцаж, ийм шинэ хувилбарыг мэдэгдсэнийг ДЭМБ-аас сайшаасан байна.
Аль нэг улсад халдварын тохиолдлын тоо эрс өсөх нь шинэ мутац үүссэний шууд бус шалгуур болдог. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад арваннэгдүгээр сарын эхээр 250 орчим тохиолдол шинээр илэрч байсан бол арваннэгдүгээр сарын 26-н гэхэд өдөрт батлагдах тохиолдол 2,500 болтлоо өссөн юм.
Өнөөдрийн байдлаар тухайн улсад 4,500 халдвар шинээр илэрчээ. Халдвар ийнхүү эрс нэмэгдэх болсон нь шинэ мутацаас гадна вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийнх нь тоо 24 хувьтай байгаатай холбоотой.
Тус улсын судлаачид өмнө нь коронавирусийн дельта хувилбараар өвдсөн хүмүүс Омикрон хувилбар дахин халдварлаж, өвчлүүлэх эрсдэлтэй байгааг мэдээлжээ.
Мутац нь дархлаа сул хүмүүсийн биед л үүсдэг бөгөөд Омикрон нэртэй коронавирусийн мутацлагдсан хувилбар нь мөн дархлаа султай хүний биед үүссэн байх магадлалтайг эрдэмтэд хэлж байна.
ДЭМБ-аас зарласнаас хойш уг хувилбар дэлхийн 25 улсад бүртгэгдээд байгаа. Норвеги улсад л гэхэд Зул сарын хүлээн авалтад орсон 40 гаруй хүн Омикрон хувилбарын халдвар авсан гэх мэдээлэл байна.
ДЭМБ-ын зүгээс бүртгэгдсэн бүх орон хөл хорио тавихгүйгээр эрсдэлийн үнэлгээнд суурилсан арга хэмжээ хэрэгжүүлэхийг уриалжээ. Moderna болон Pfizer компаниудын зүгээс уг шинэ хувилбар руу чиглэсэн вакциныг хийж эхэлснээ мэдэгдсэн.
Гэхдээ Оксфордын их сургуулийн судалгааны багийн судалгаагаар коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тун Омикрон хувилбараас хамгаалж байна гэх үр дүн гарчээ.
Тодруулбал, нэмэлт тунг хийснээр дархлааны "Т" эс нэмэгдэж, дархлааны хариу урвалыг эрчимжүүлж байгаа тул бүүстер тун үр дүнтэй байхыг нотолж байна гэж мэдээлсэн байна.
Мөн Израил улсын Эрүүл мэндийн яамнаас өчигдөр коронавирусийн эрсэг вакцины хоёр тун болон гурав дахь тунг нэмэлтээр хийлгэсэн хүмүүсийн дархлаа Омикрон хувилбараас 90 хувь хамгаалж байна гэдгийг мэдэгдсэн" гэсэн юм.