Ерөнхий сайд Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

Ерөнхий сайд Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийг өргөн барих үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод Улсын Их Хурлын чуулган дээр хэлсэн үгэндээ дэвшүүлсэн 4 үндсэн зорилтын нэг нь Шударга ёс, цахим засаглал тогтоох тухай асуудал байсан. Энэ хүрээнд цахим засаглалыг хөгжүүлэх замаар авлигатай тэмцэх,  авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шалгах, мэдээлэгчийг хамгаалахад хяналт тавих бололцоо бүрдүүлэх, төрийн хүнд суртлыг халах асуудлаар Засгийн газраас сүүлийн 6 сард ихээхэн идэвхтэй ажиллаж байна. Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах нь энэ ажлын нэг үндсэн чиглэл юм. “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас авлигын эсрэг эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тиймээс Засгийн газар энэ хуулийн төслийг боловсруулж, өргөн барьж байна. Бид Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Зөвшөөрлийн тухай, Улс төрийн намуудын тухай зэрэг хуулийн төслүүд, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах, төрийн өмчийн засаглалыг сайжруулах чиглэлээр эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөж байна” гэв.
Тэрбээр “Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг цар тахлын эрсдэлийг даван туулах арга хэмжээтэй адил түвшинд авч үзэж, онцгой анхаарлаа хандуулж байна” гэсэн юм.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй.
Хуулийн төслийн зорилт нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж.
Хуулийн төсөлд:
-шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд баримтлах зарчим;
-шүгэл үлээх үйл ажиллагааны үндсэн зорилго;
-шүгэл үлээх хэлбэр;
-шүгэл үлээгчийн мэдээллийг хянан шийдвэрлэх процесс;
-шүгэл үлээгчийн баталгаа буюу хувь хүний нууцын хамгаалалт, аюулгүй байдал;
-шүгэл үлээгч эрхээ хэрэгжүүлэх явцад өөрөө болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өс хонзон, ялгаварлан гадуурхалт, хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлтээс ангид байх зарчим;
-шүгэл үлээгчид үзүүлэх хамгаалалтын арга хэлбэр, түүнийг дэмжих талаар хэрэгжүүлэх арга хэмжээ;
-шүгэл үлээгчийг дэмжих, урамшуулах тогтолцоо, түүнд олгох мөнгөн урамшуулал, нөхөн төлбөрийн хэмжээ зэрэг зохицуулалтууд туссан байна.
Шүгэл үлээх үйл ажиллагаатай холбогдуулан гарах санхүүжилтийг боломжит бага зардлаар бүрдүүлэхийн тулд авлига, ашиг сонирхол, эрүүл мэнд, байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашиг, шударга өрсөлдөөний тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэрэгт оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр бүрдүүлэхээр тооцжээ.
Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орж, Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Тус конвенцын 33 дугаар зүйлд “Оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн талаарх баримт нотолгоог сайн санааны үүднээс, үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй этгээдийг аливаа шударга бус хандлагаас хамгаалах арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэх асуудлыг авч үзнэ” гэсэн байдаг. Энэ бол Монгол Улс гишүүн орны хувьд мэдээлэгч, илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргийг дэлхий нийт, олон улсын байгууллагын өмнө хүлээж байна гэсэн үг юм.
скачать dle 12.0