Койн бол хувьсгал бөгөөд зогсоох аргагүй давалгаа

Койн бол хувьсгал бөгөөд зогсоох аргагүй давалгаа


Койн бол мөнгө, хувьцаа, хөрөнгө, баялгийн хадгаламж, инфляцын эсрэг даатгал. Тийм ээ үнэн, койн энэ бүх шинжийг агуулсан санхүүгийн өвөрмөц бүтээгдэхүүн. Тийм л учраас койныг олон улсад хорьж дийлэхгүй байна. Тийм л учраас койн олон улсын санхүүгийн ертөнцөд хувьсгал хийж шинэ эринийг авчирч буй юм.
 
Би өмнө нь койны үр ашиг, ялангуяа эрсдэлийн талаар онцолсон нийтлэл бичсэн. Харин өнөөдөр койн Монголд хүссэн, хүсээгүй, хорьсон, хориогүй санхүүгийн нэгэн өвөрмөц хэрэгсэл, бизнесийн нэгэн шинэ ертөнц, зах зээлийн дийлдэшгүй давалгаа болон орж ирж буй талаар бичиж байна. Дэлхийн бүх л улс орнууд цахим мөнгө буюу койн нэрээрээ илүүтэй танигдсан энэхүү санхүүгийн өвөрмөц хэрэгсэлд их л болгоомжтой хандаж зарим нь хориглох арга хэмжээ авсан ч бүтэлгүйтэж өдгөө хүлээн зөвшөөрч зохицон оролцох болсоор байна. Койн нь блокчеин гэх технологийн өвөрмөц шийдэлд үндэслэж зохиогдон хүний оролцоо, удирдлага, зохицуулалтыг хязгаарлаж өгсөнөөрөө зах зээлд оролцогчдод өрсөлдөөний тэгш, шударга орчинг бүрдүүлж өгсөн санхүүгийн гайхалтай бүтээгдэхүүн тул ялангуяа шинийг эрэлхийлэгчид, санхүүгийн уламжлалт зах зээлд оролцоо багатай нэгэнд ихээхэн боломжийг нээж өгч буй юм.
 
Койн нь төв банк болон арилжааны банк шиг төвлөрсөн удирдлага, зохион байгуулалттай гэхээсээ хэн нэгэн биетийн удирдлагад байдаггүй, бүртгэл, дата нь тархмал байрлал, зохицуулалттай, эзэмшигч, оролцогчид нь өөрийн өмч-койноо бүрэн утгаар нь эзэмших, зарцуулах, бүр үйлдвэрлэн гаргахад өөрөө оролцох боломжоор хангагдсан гэдгээрээ онцлогтой бөгөөд цахим мөнгөнөөс гадна капитал, хөрвөх боломжтой хөрөнгө, арилжаалах боломжтой хувьцаа, эрсдэлийн даатгал, баялгийн хадгаламж гээд санхүүгийн олон хэрэгсэлийн хэлбэрээр хэрэглэгдэх давуу талтай.
 
Чухамхүү энэ давуу талууд нь койны Монголын бизнес, банк санхүүгийн зах зээл дахь дийлдэшгүй давалгааны түрлэг нь болж буй юм. Эдийн засгийн хэлээр бол эрэлт нийлүүлэлтийн тэнцэл, энгийн хэлээр бол зах зээлийн цангааг тайлж буй цэвэр усан хангамж.  Хэн, юунд ингэтлээ ангалаа, цангалаа гэж. Монголын банк, санхүүгийн дагтаршин хуурайшсан зах зээл, түүний ангаж цангасан оролцогчид, оролцохыг хүсэгчдийн талаар энд яригдаж буй нь тодорхой. 30 жил “Чөлөөт зах зээл”-ээр хөгжсөн Монголын санхүүгийн зах зээл үнэндээ хэзээ ч чөлөөт байгаагүй. Тэнд цөөн хэдэн тоглогчид, монополь компани, хувь хүмүүс, банкууд ноёрхолоо бүрэн тогтоосныг бид бүгд мэднэ. Санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банк эзэлдэг бөгөөд үлдсэн цөөн хувь нь хөрөнгийн бирж, даатгалын компаниудад ногддог. Банкуудын хувьд хадгаламжийн өндөр хүү санал болгодог хэдий ч хэт өндөр инфляц хүүгээс хүртэх өгөөжийг хугасалдаг, зарим банкуудын тогтвортой бус үйл ажиллагаа зэрэг асуудлууд харилцагчдын хувьд банкыг хөрөнгөө хадгалах, арвижуулах бизнесийн хамгийн сайн орчин гэж үзэхгүй байх үндэслэлийг бий болгодог.
 
Хайрцаглагдсан, эзэнжсэн, монополжсон төвлөрсөн удирдлага, зохион байгуулалттай хөрөнгийн зах зээлд хэн ч шинээр орж чадахгүй, хэн ч зах зээлийн чөлөөт дүрмээр тоглож бизнес хийх, хөгжүүлэх боломжгүй. 30 жилийн өмнө үлгэрийн тансаг ертөнц ярьж улсын олон арван сая доллар, санхүүжилтээр угжууулан гарч ирсэн хөрөнгийн бирж өнөөдөр олон нийтийн хувьд хөрөнгө мөнгөө арвижуулахаар, хадгалуулхаар зорин очдог бизнесийн төв болсонгүй. Харин ард олонд хүртээлгүй, зорилтот бүлгийн тусгай үйлчилгээт газар мэт болж хувирсан төдийгүй нөгөө л хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарын шорвог түүхийг санагдуулсан, төрөөс хүртээсэн хишиг гэх хувьцаа нь алга болдог, хөрөнгөө хадгалуулсан брокерын компани нь дампууран замхардаг, найдваргүй, монополь эздээсээ өөр хэнд ч хүртээмжгүй, оролцохыг хүссэн жирийн иргэдэд бол үнэндээ хаалттай ертөнц болсон.
 
Санхүүгийн зах зээлийн ийм л найдваргүй, гаж тогтолцооноос залхсан бизнесүүд, залуу үе, шинийг эрэлхийлэгчдийн хувьд койн гэдэг том боломж шинэ ертөнц юм. Тийм л учраас тэд эрсдэлээс үл айн койны зах зээл руу хошуурч буй юм. Монголын хөрөнгийн биржийн 30 гаран жилийн түүхэндээ амжуулж чадаагүй ажлуудыг Койн-ы зах зээл амжуулсан.
 
30 тэрбумын хөрөнгийг 30 секундэд босгосон нь Монголын санхүүгийн ертөнцөд бол үнэндээ тэсрэлт. Араас нь бусад тэсрэлт бүүм гарсаар байна. Хэдхэн залуусын эхлүүлсэн ажил. Технологийг ойлгох, хүлээн авах, харьцах, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын гайхамшиг бол энэ. Энэ бол дэлхийн банк, санхүүгийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлага.  Бид хоцрох ёсгүй, харин хөл нийлүүлэн алхах ёстой.
Тиймээс төр засгийн хувьд койны бирж, арилжааг хорих, хаах биш харин ойлгож хүлээн авах, санхүүгийн тогтолцооныхоо нэг бүрэлдэхүүн хэсэг болгон зөвшөөрөх шаардлагатай байна. Бид хүссэн, хүсээгүй, хориглосон, хориглоогүй энэ цахим мөнгө, койны бизнес үрэлжилсээр байх болно.  Хориглох шаардлагагүй, хориглох боломжгүй гэж буй учир нь нэгд,  койн бол дэлхийн банк, санхүүгийн зах зээлийн хөгжлийн тренд, санхүүгийн тогтолцооны шинэ эриний эхлэл. Хоёрт, койн бол цахим ертөнц бөгөөд энэ виртуаль ертөнцөд дэлхийн бөмбөрцөгийн хаана, аль буланд хэн ямар арилжаа, наймаа хийж буйг хянах боломж туйлын хязгаарлагдмал. Гуравт, койн бол бидэнд нэн шаардагдаж буй хэрэгцээ, хэрэглээ, бизнесийн шинэ боломж юм. 
 
Эдийн засагч Х.Батсуурь
скачать dle 12.0