Дөрвөн тэрбум төгрөгөөр амаа үдүүлсэн “жижигхэн” УИХ
-Гишүүд дөрвөн тэрбум төгрөгөө халааслаад Засгийн газрын үйл ажиллагааг үг дуугүй дагаж, хуудуутай хуулийн төслөө ногоон гэрлээр батлах үүрэг хүлээсэн гэв үү-
Ирэх оны төсвийн төслөө хэлэлцээд Их хурлын гишүүд тунчиг завгүй сууна. Зарим үед чуулганы танхим хүнгүй шахам, хурал ирцэндээ хүрэхдээ үгүйтэй хуралддаг бол сүүлийн хоёр долоо хоног танхим дүүрэн гишүүнтэй, ирц бүрэн хуралдаж байгаа харагдана.
Гишүүдийг улс орны эдийн засагт чухам анхаарч, хууль тогтоох дээд байгууллагынхаа чиг үүргийг бүрэн ойлгочихсон юм уу гэж ам асуумаар. Тэд улсын төсөв хэлэлцэхэд ирц бүрэн оролцож, идэвхтэй сууж байгаа нь учиртай. Угтаа бол бүгд л өөрсдийн эрх ашгийг хангуулах хуулийн төслийг хурдхан батлагдахыг хүлээж сууна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2022 оны төсвийн төсөлд гишүүн бүр дөрвөн тэрбум төгрөгийг тойрогтоо зарцуулахаар тусгуулсан. Нэг гишүүн тойрогтоо дор хаяж дөрвөн тэрбум төгрөг төсөвлөнө. 76 гишүүнд нийт 304 тэрбум төгрөг ногдож байгаа. Хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв боловсруулсан, эдийн засаг хямарсан, иргэдийн амьдрал хүндхэн байгаа энэ цаг үед ийн гишүүд тойрогтоо их хэмжээний төсөв хуваарилж, улс төрийн карьераа өсгөх арга хэрэглэж байгаа нь даанч харамсалтай. Ёстой л улсын төсөв уйлдаггүй гэгч нь болж байна.
Тэд тойргийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжил, дэд бүтцийн ажил гэх гоё нэрийн дор дөрвөн тэрбум, түүнээс дээш төгрөгийн санхүүжилтийг авах бөгөөд түүгээр сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэх юм гэнэ. Ингэхдээ “Бид энэ мөнгийг хувьдаа аваад халаасалж байгаа хэрэг биш” гэх уран цэцэн үгээр өөрсдийгөө өмгөөлж, халхавч хийж сууна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “2016 оноос өмнө гишүүдийн тойрог дээр нэг тэрбум төгрөгийн төсөв тавиад гишүүд төсвийн ерөнхийлөн захирагч нартай адилхан зарцуулаад явдаг байсан. Одоо бол төсвийн ерөнхийлөн захирагч нар л төсвийн хөрөнгө оруулалтын саналаа оруулж ирдэг болсон. Харин гишүүд бол тойргоос сонгогдсон учир тойргийн хөгжил, эдийн засаг, нийгмийн асуудалд оролцох үүрэгтэй. Тиймээс хөрөнгө оруулалтын төсөв дээр саналаа өгөх бүрэн эрхтэй. Тиймээс энэ хүрээнд саналыг нь авсан” гэх тайлбар хийсэн. Угтаа бол Засгийн газрынхаа үйл ажиллагааг саадгүй явуулахад гишүүдийн шүүмжлэл хэл ам дагуулдаг учир тэрбээр асуудлыг шийдэх гарц гаргалгаа олсон нь тодорхой болов.
Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг хүлээсэн Эдийн засгийн байнгын хорооны дарга нь ч дөрвөн тэрбум төгрөгийн төслийг хүлээж авсан гэдгээ мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Би дөрвөн тэрбум төгрөгт сургууль, цэцэрлэг барих санал өгсөн. Гишүүдэд тойргийн төсөв дээр санал авахуулмааргүй байгаа бол системээ өөрчлөх ёстой. Би гэхэд зам, сургууль, цэцэрлэг барина гээд амлачихсан” гэх тайлбарыг хээв нэг өгч зогссон.
Гишүүд тойрогтоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж төсөвт тусгуулсан хөрөнгөөрөө хөдөө орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлж, сум, орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийдэж, үр ашигтай зарцуулж байна уу гэвэл бас л эргэлзээтэй. УИХ-ын гишүүд жил бүр тойрогтоо тодорхой хэмжээний хөрөнгө төсөвт суулгуулж, түүгээрээ олон төсөл хэрэгжүүлэх амлалт өгдөг ч өнөөдрийг хүртэл гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл хийсэн нь ховор. Ихэнх нь үүнийг сум сууринд хөшөө босгох, соёлын төв барих гэх мэт онцын ач холбогдолгүй зүйлд зарцуулж, түүнийг нь шат шатандаа их бага хэмжээгээр хуваагаад авчих нь нууц биш юм. Жил ирэх тусам энэ мөнгөний тоо өссөөр өнөөдөр дөрвөн тэрбумын гишүүд болцгоов.
Ингээд л аймаг орон нутгуудад тэр гишүүний санаачилгаар хэрэгжүүлсэн тийм барилга, тийм зам гүүр, тийм сургууль цэцэрлэгийн ажил гэж цоллуулан дараагийн сонгуульт ажлынхаа квотыг авдаг байдал дахиад л үргэлжлэх нь.
Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн тойрогтоо хуваарилдаг төсвийн үр ашиггүй зарцуулалтыг хязгаарлаж, улсын төсвийг хэмнэнэ гэж МАН-ынхан ам гарсан. Хэлсэн амнаасаа буцдаг эрх баригч намынхан парламентад суугаа гишүүдийнхээ амыг ингэж үдэж, Засгийн газрын үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, цаашлаад хуулийн хуудуутай заалтуудаа ногоон гэрлээр батлуулахаас өөр арга олдсонгүй бололтой.
Ийн тойрогтоо нэр олох боломжтой болсон гишүүд дөрвөн тэрбум төгрөгөө халааслаад үүнийхээ хариуд Засгийн газрын үйл ажиллагааг үг дуугүй дагаж, нөлөө бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслөө ногоон гэрлээр батлах үүрэг хүлээж байгаа сурагтай.
Төсвийн төсөл хэлэлцэх үеэр МАН-ын гишүүд Тэрэлжид очиж, аймгийн дарга нараас санал авах, нууц уулзалтыг зохион байгуулсан гэдэг мэдээллүүд ч бий. Ийн аймгийн дарга нарынхаа зовлонг нэг нэгээр нь яриулаад нэг өдөр ая тал засаад танай аймагт хэрэгтэй шаардлагатай бүх зүйлийг нь шийдэж өгнө хэмээгээд, тойргийн гишүүдэд нь анхаарч, бүх тохироогоо хийсэн гэдэг. Ийн тойрогтоо нэр олох боломжтой болсон гишүүд дөрвөн тэрбум төгрөгөө халааслаад үүнийхээ хариуд Засгийн газрын үйл ажиллагааг үг дуугүй дагаж, нөлөө бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслөө ногоон гэрлээр батлах үүрэг хүлээж байгаа сурагтай.
Дан ганц Ардын намын гишүүд гэлтгүй сөрөг хүчин болж суугаа АН-ын бүлгийн гишүүд, ХҮН-ын гишүүн Т.Доржханд нарын нэг нь ч тойргийн төсвийн асуудлаар ганц үг ган хийсэнгүй. Тэд МАН-ын тохирооноос бялуу хүртэж, тойрогтоо хэдэн төгрөг тусгуулчих санаатай ийн усанд хаясан чулуу шиг таг дуугүй сууцгаана.
Үнэн хэрэгтээ Засгийн газраас оруулж ирсэн 2022 оны төсвийн төсөлд улс орны эдийн засгийг сайжруулж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зүйл заалт орсон эсэхэд анхаарал хандуулж, Засгийн газрын гишүүдээс ам асуух хүн энэ Их хуралд даанч алга даа.
https://www.caaknews.mn/view/8312243/