МАН хотод “алалцаж” байна

МАН хотод “алалцаж” байна
Хагархай түнжинтэй МАН 64 суудлынхаа хүчийг үзүүлж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг найман удаа хойшлуулан төрийн эрх барих дээд байгууллагын ажилд гацаа үүсгээд байсан нь Улаанбаатарын шинэ Засаг даргыг томилох үйл явцаар улбаалан нийслэлийн парламентын хаалгыг барьж 2019 онтой золголоо.  
МАН-ын Удирдах зөвлөл, нийслэлийн хорооноос нэрийг нь дараагийн мээрт дэвшүүлсэн гээд НИТХ-ын дарга С.Амарсайхан л сайн мэдээтэй шинэ оноо угтав. Гагцхүү түүний сайн мэдээг баталгаажуулан хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг товлож өгөх Тэргүүлэгчдийн уулзалт тодорхойгүй хугацаагаар, мөн тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор байна.
НИТХ дотор С.Амарсайханыг Д.Амарбаясгалан тэргүүтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракц дэмжиж байгаа нь тодорхой болсон. Хотын даргад С.Амарсайхантай өрсөлдөх боломжтой хамгийн хүчтэй кандидатаар “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхбаатар нэрлэгдээд удаж буй. Түүнийг МАН-ын нийслэлийн хорооны дарга Д.Сумъяабазар эчнээ дэмжиж байгаа гэсэн яриа хоосон үг биш бололтой. Үүнээс өөр шалтгаанаар НИТХ-ын хуралдаан гацах магадлал тун бага юм. Д.Сумъяабазар нүүрэн дээрээ С.Амарсайханыг дэмжиж Удирдах зөвлөлийг хянаж буй МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрийг дагасан хэрнээ НИТХ-ын хуралдаанд С.Амарсайханы эсрэг Б.Мөнхбаатарыг дэвшүүлэхээр төлөвлөж байгаа нь сонирхолтой нүүдэл юм. МАН-ын Нийслэлийн хорооны даргын хувьд хувийн амбийцаа дарахыг Д.Сумъяабазар хүсэхгүй байгаа аж. Одоо болтол НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаанаа товлоогүй байгаа нь Д.Сумъяабазар нийслэлийн намын даргын хувьд С.Амарсайхантай хувийн тохироо хийх, үгүй гэвэл түүнийг НИТХ-аар унагаж мэдэх Б.Мөнхбаатарыг өрсөлдүүлэхээр сүрдүүлж байх магадлалтай.
Д.Сумъяабазарын нийслэл дэх хувийн амбийцын хажуугаар дараагийн даргад өрсөлдөх өөр нэг амбийц НИТХ-ын дарга асан С.Сандуйн зүгээс илэрч байгааг тэмдэглэх нь зүйтэй. “60 тэрбумын” гэх муу нэр, луу данстай болсон эл эрхэм өөрөө мээр болох боломжоо алдсан тул энэ удаад НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга асан С.Мөнхчулууныг заалнаас дэвшүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Ийнхүү Улаанбаатар хотын шинэ удирдлагын төлөөх тэмцэл МАН-ын дотоод хагарлын өнгөн дээр олон онцлог тээн өрнөж байна. Эв түнжингүй байдлыг далимдуулан Д.Сумъяабазар мэтийн шинэ тоглогч хотын захиргаанд өөрийн жин нөлөөг сорихоор шодож байгаачлан удаах сонгуулийн өмнөх жил гарсантай холбогдуулан Улаанбаатар хот бүхэлдээ ажил буцалдаг аж ахуйн картаас улс төрийн тохироо, наймааны хэрэгсэл болон арчигдах нөхцөл үүслээ.
Улаанбаатарыг аз жаргалтай хот болгох 2016 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг эцэслэн дүгнэхэд жил гаруйн хугацаа үлдээд байгаа энэ үед, 2019 оны төсөв батлагдаж энэ онд ямар ажил хийхээ өмнөх удирдлага шийдсэний дараа шинэ даргын суудал хэнд ч очлоо гэсэн 2020 оны сонгуульд МАН ялалт байгуулах нь эргэлзээтэй болж байна. Гэсэн ч Монгол Улсын хүн амын талаас илүү хувь оршин суудаг Улаанбаатарт иргэдийн бухимдал төвлөрдгийн адил эрх мэдэл, мөнгө санхүү ч тэр хэмжээгээр төвлөрдөг онцлогтой. Захиран зарцуулах эрх мэдлийн төлөө МАН дахин хуваагдахад бэлэн байгаа нь мээрийн суудлын төлөөх тодорхойгүй улстөржилтөөс харагдаж байна. Энэ жил хотын шууд орлого 796.1 тэрбум, үүнд татварын орлого 628.4 тэрбум, татварын бус орлого 144.5 тэрбум, тусламжийн орлого 23.1 тэрбум байх юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын орлогын 80 хувийг татвар төлөгч иргэд бүрдүүлж байгаа буюу тэдний мөнгийг хот, иргэний төлөө хэрхэн зарцуулах эрх мэдлийг хотын дарга атгадгаараа энэ суудал ч мөн онцгой. Энэ эрх мэдэл, хөрөнгийн шинэ эзэн хэн байхын төлөөх тэмцэл ид дундаа явж байна. Тэд одоо “алалцаж” байгаа, тохироо бүрдтэл НИТХ-ын хаалгыг барьсан.

Б.Энхцэцэг
скачать dle 12.0