Д.Баатаржавын түрүүлсэн өдрийг "Паралимпийн өдөр" гэж тэмдэглэдэг

Д.Баатаржавын түрүүлсэн өдрийг "Паралимпийн өдөр" гэж тэмдэглэдэг

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржавын 2008 онд Бээжингийн паралимпийн байт сурын харвааны төрөлд түрүүлж аварга болсон есдүгээр сарын 14-нийг манай улсад 2016 оноос эхлэн “Паралимпийн өдөр” болгон жил бүр тэмдэглэж буй. Ташрамд сонирхуулахад, өмнөд хөрш Бээжингийн дэвжээнээс аваргын алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Д.Баатаржав нарын төрсөн өдөр зургаадугаар сарын 1,2,3-нд дараалсан байдаг. Мөн аваргуудын алтан медаль хүртсэн наймдугаар сарын 14, наймдугаар сарын 24, есдүгээр сарын 14-ний өдрийн төгсгөлийн 4-ийн тоо нь давхацдагаараа онцлог.
 
 Тамирчид зуны олимпын наадмыг зорихдоо урьдаар оролцох эрхийн болзол биелүүлсэн байх шалгуур давдагтай нэгэн адил дүрмийг хөгжлийн бэрхшээлтэй тамирчид паралимпийн “Афин-2000” наадмаас эхлэн мөрддөг болсон.  
 
Үүнээс өмнөх-Х наадамд оролцогч орнуудын төлөөлөл шууд очоод ордог байжээ. Паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлж хамгийн анхлан оролцсон хөнгөн атлетикч Ж.Лхагважав (Гавьяат тамирчин), байт сурын харваач Д.Баатаржав (Хөдөлмөрийн баатар) нар “Афин-2000” паралимпэд оролцох эрхийн төлөөх урьдчилсан олон улсын тэмцээнээс болзол биелүүлэн оролцсон байна. 2008 оны паралимпийн наадамд түрүүлсэн Д.Баатаржав гэхэд 2007 онд Өмнөд Солонгост болсон ДАШТ-д VII байр эзэлсэн амжилтаар тус паралимпэд өрсөлдөх эрхээ халаасалж байжээ. Уншигчдадаа паралимпийн нээлтэд Монгол Улсын төрийн далбаагаа өргөж багийн тугчаар ажилласан болон оролцсон тамирчдын талаарх мэдээлэл хүргэе.
 
ТУГЧААР АЖИЛЛАСАН 
•XI паралимп 2000 он. Австрали, Сидней хот. Гавьяат тамирчин Ж.Лхагважав
•XII паралимп 2004 он. Грек, Афин хот. Гавьяат тамирчин Ж.Лхагважав
•XIII паралимп 2008 он. Хятад, Бээжин хот. Гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэн 
•XIV паралимп 2012 он. Англи, Лондон хот. Гавьяат тамирчин Л.Ундралбат
•XV паралимп 2016 он. Бразил, Рио-де-Женейро хот. Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав
-XVI паралимп 2021 он. Япон, Токио хот. Пара жүдоч А.Мөнхбат /эрэгтэй/, пара байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ /эмэгтэй/ нар.
 
ПАРАЛИМПЭД ОРОЛЦСОН ТАМИРЧИД 
•2000 онд Австралийн нийслэл Сиднейд зохиогдсон XI паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлж холын зайн гүйлтийн төрөлд Ж.Лхагважав, байт харваанд Д.Баатаржав нарын хоёр тамирчин оролцсон. Хожмоо 2008 онд паралимпийн аварга болсон Д.Баатаржав энэ наадамд шагналт V байр эзэлсэн.
•2004 онд Грекийн нийслэл Афинд зохиогдсон XI паралимпэд оролцсон манай тамирчдаас байт харвааны төрөлд Д.Баатаржав (хожмоо 2008 онд түрүүлсэн), хөнгөн атлетикч Ж.Лхагважав холын зайн гүйлтэд тус тус шагналт байр эзэлсэн.
•2008 онд Хятадын нийслэл Бээжинд болсон XIII паралимпийн наадамд оролцсон манай тамирчдаас байт харвааны төрөлд Д.Баатаржав паралимпийн аваргын Алтан медаль хүртэж Төрийн дууллаа эгшиглүүлж, Төрийн далбаагаа мандуулсан.
•2012 онд Английн нийслэл Лондонд зохиогдсон XIV паралимпийн наадамд оролцсон манай тамирчдаас хамгийн шилдэг нь байт харвааны төрөлд шагналт IV байр эзэлсэн олон улсын хэмжээний мастер Б.Жавзмаа байв.
•2016 онд Бразилийн нийслэл Рио-де-Женейрод болсон XV паралимпэд манай тамирчдаас жүдоч Б. Ууганхүү, пара пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртэж Төрийн далбаагаа бөмбөрцгийн нөгөө талын тэнгэрт мандуулсан. Мөн байт харвааны эрэгтэй, эмэгтэй холимог багийн төрөлд Хөдөлмөрийн баатар, паралимпийн аварга Д.Баатаржав, олон улсын хэмжээний мастер Б.Оюун-Эрдэнэ нар шагналт IV байр эзэлсэн бол хөнгөн атлетикч Г.Цоггэрэл бөөрөнцөг түлхэлтээр V байр эзэлж Ази тивийн дээд амжилтыг тогтоосон юм.
 
 
Б.Доржсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0