Хувийн сургуулиуд төлбөр ямар үнэтэй байгаа вэ. Тэд сурагчиддаа хөнгөлөлт үзүүлэх үү?

Хувийн сургуулиуд төлбөр ямар үнэтэй байгаа вэ. Тэд сурагчиддаа хөнгөлөлт үзүүлэх үү?
Цэцэрлэг, сургууль орох дөхсөн энэ өдрүүдэд ямар сургуульд хүүхдээ сургах талаар болон хувийн сургууль, цэцэрлэгүүд хэдэн төгрөгийн төлбөртэй байгаа тухайд эцэг, эхчүүд анхаарал хандуулж байна.
Нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөрийн мэдээллийг танилцуулж байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сурагчид танхимаар хичээллэсэнгүй. Энэ нь зөвхөн манай улсад үүссэн нөхцөл байдал биш бөгөөд дэлхийн олон оронд тохиолдож буй асуудал. Үүнээс үүдэж хичээлийн хоцрогдлоос гадна сургуулийн насныхны сэтгэл зүйд том хохирол үүсэж байгаа нь нэг үеийн сүйрэл гэж НҮБ-аас мэдэгдээд байна. Засгийн газраас халдвар бүртгэгдэлгүй 28 хоносон ногоон бүсийн газар хичээлийг 100 хувь танхимаар хичээллүүлэхээр болсон. Харин эрсдэлтэй бүсэд тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллэх нөхцөлтэй байна.
Удахгүй сургууль, цэцэрлэг эхлэх гэж байна. Хүүхдийг ивээх сангийн судалгаагаар хичээл эхлэхтэй холбоотой санаа зовоосон ямар асуудал байгааг судалжээ. Судалгаанд оролцсон нийт эцэг эхчүүдийн 36 хувь нь дүрэмт хувцас, сургалтын төлбөр, хичээлийн хэрэгсэл авахтай холбоотой үүсэх санхүүгийн бэрхшээл их байна гэж хариулсан байна.
Тэгвэл Ерөнхий боловсролын хувийн сургуулиуд 2021-2022 оны хичээлийн жилд төлбөрөө хөнгөлөх, төлбөр төлөхөд уян хатан хандах эсэхийг тодрууллаа.
Шинэ Монгол бүрэн дунд сургууль
Бага ангийн жилийн төлбөр 4.5 сая, дунд анги 4.6 сая, ахлах анги 4.7 сая төгрөг байна. Төлбөрөө төлөхдөө хичээлийн эхэнд 100 хувь төлнө.
Глобал олон улсын сургууль
1-9 дүгээр ангийн жилийн төлбөр 10 сая, 10-12 дугаар ангийн AS хөтөлбөртэй хосолсон анги 16 сая. Урамшуулал, хямдралын хувьд төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Мөн нэг айлын хоёроос дээш хүүхдэд 5-10 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Хичээл нь долоо хоног цахимаар, долоо хоног танхимаар хичээллэх төлөвтэй байна.
Жаргалан кембрижийн олон улсын сургууль
Бүх түвшний ангийн жилийн төлбөр 4.5 сая бөгөөд нэг айлын хоёр болон гурван хүүхэд элсэх, суралцах тохиолдолд 10-20 хувийн хөнгөлөлт, төлбөрөө 100 хувь төлвөл таван хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
Гёте бүрэн дунд сургууль
Гёте бүрэн дунд сургуульд ямар нэг хөнгөлөлт, урамшуулал байхгүй байна. Жилийн төлбөр нь бага анги 5.8 сая, дунд анги 6.3 сая, ахлах 6.8 сая төгрөг байгаа ажээ.
Төгс Дэлгэрэх бүрэн дунд сургууль
Жилийн төлбөр 1-9 дүгээр анги гурван сая, 10-12 дугаар анги 3.4 сая төгрөг. Урамшуулал, хөнгөлөлт байхгүй.
Атланта бүрэн дунд сургууль
Бүх түвшний ангийн жилийн төлбөр 3.5 сая төгрөг. Арванхоёрдугаар сарын 21 хүртэл нийт төлбөрөө дөрөв хуваан төлж болно.
Олонлог бүрэн дунд сургууль
Жилийн төлбөр бүх түвшинд ялгаагүй 8.75 сая төгрөг бөгөөд 100 хувь төлсөн тохиолдолд 10 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
Логарифм бүрэн дунд сургууль
Бүх түвшний ангийн төлбөр долоон сая төгрөг. Хичээлийн жилийн өмнө хаврын улирал буюу тавдугаар сарын 30-ны дотор 100 хувь төлсөн бол 250 мянгын хөнгөлөлттэй.
Элит олон улсын дунд сургууль
Тус сургуулийн жилийн төлбөр нь бүх түвшинд адилхан 11.9 сая төгрөг байна. Ямар нэг хөнгөлөлт, урамшуулал байхгүй бөгөөд хичээлийн эхэнд төлбөрөө хийнэ.
Шинэ Монгол Харүмофүжи сургууль
Бага ангийн жилийн төлбөр нь 4.7 сая, дунд ангийнх 4.8 сая, ахлах ангийнх 4.9 сая төгрөгийн үнэтэй байна. Урамшуулал, хөнгөлөлт байхгүй ба хичээлийн эхэнд төлбөрөө 100 хувь хийнэ.
International School Of Ulaanbaatar
Тус сургуулийн бага ангийн жилийн төлбөр нь 23300 ам.доллар, дунд анги 28300 ам.доллар, ахлах анги 30200 ам.доллар байна. Үүн дээр нэмж, анги хамаарахгүй 4500 ам.долларын фондны мөнгө төлнө. Мөн шинээр элсэж байгаа тохиолдолд 150 ам.доллар төлдөг байна. Түүнчлэн төлбөрөө хоёр хувааж төлбөл нийт төлбөрийн хоёр хувь, дөрөв хувааж төлөх тохиолдолд дөрвөн хувийн алданги төлнө. Хичээл танхимаар эсвэл цахимаар орох эсэхийг одоогийн байдлаар шийдээгүй. Хичээл орох дөхөхөд зохион байгуулалт хийнэ гэлээ.
Сакура дунд сургууль
Сакура сургуулийн хувьд бага ангийн жилийн төлбөр 7.5 сая, дунд анги 8.5 сая, ахлах анги 9.5 сая төгрөгийн үнэтэй байна. Хэрэв төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд 10 хувь, шинээр элсэж байгаа тохиолдолд таван хувийн хөнгөлөлттэй. Хичээлийн хэлбэр нь Засгийн газраас өгч буй чиг үүргийн дагуу таван өдөр цахимаар, таван өдөр танхимаар байх аж.
Хобби дунд сургууль
Бүх түвшний суралцагчдын жилийн төлбөр 15 сая төгрөг байна. Мөн энэ жил шинээр сурагч авах орон тоо байхгүй гэлээ.
Шинэ үе сургууль
Бага ангийн жилийн төлбөр 4.2 сая, дунд анги 4.4 сая, ахлах анги 4.6 сая төгрөгийн үнэтэй байна. Мөн нэг айлаас хоёроос дээш хүүхэд суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийн төлбөрийг 15 хувь хөнгөлнө. Төлбөрийг хоёр хувааж төлөх боломжтой.
Singapore school of Ulaanbaatar
Тус сургуулийн бага ангийн жилийн төлбөр 4.85 сая, дунд анги 5.35 сая төгрөг байна. Хэрвээ нэг айлаас хоёр хүүхэд суралцах тохиолдолд хоёр дахь хүүхдийн төлбөрийн 10 хувь хөнгөлнө. Суралцах гэрээ байгуулах үедээ төлбөрийн нөхцөлийг ярилцаж, уян хатан байдлаар шийдэж болно гэлээ.
Хувийн сургуулийн төлбөрийн хөнгөлөлтийн талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Боловсрол судалгааны сангийн 2021 оны гуравдугаар сард гарсан А135 дугаар тушаал бий. Үүнд бүгдийг тусгаад өгсөн. Эцэг эхчүүд төлбөртэй сургуульд хүүхдээ бүртгүүлэхдээ төлбөрийн нөхцөлөө гэрээн дээрээ тодорхой тусгана. Мөн цахимаар хичээллэх үед ямар байх вэ гэдгээ тусгаж өгнө. Энэ бол иргэн хуулийн этгээдийн хоорондох харилцаа. Үүнд төрийн байгууллага оролцох шаардлагагүй. Төрийн байгууллага нийтлэг барих дүрэм журмыг батлаад өгчихсөн” гэлээ.

https://tac.mn/post/81468
скачать dle 12.0