Курдууд зэвсгээ хураалгахад бэлэн гэдгээ мэдэгдэв
Сирийн хямралыг улс төрийн түвшинд зохицуулсны дараа зэвсгээ хураалгахад бэлэн гэдгээ курдуудын “Өөрийгөө хамгаалах ардын хүчин” /ӨХАХ/ мэдэгджээ. Энэ тухай тус хүчний командлагч Нури Махмуд телевизийн Al-Hadath сувгаар мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, курдууд Алеппо хотоос 85 км-ийн зайтай газар оршдог Манбиж хотыг хамгаалахад Сирийн армиас тусламж хүсчээ. Тэд тус хот руу Туркийн цэргүүд болон зэвсэгт сөрөг хүчний бүлэглэлүүд дайрах аюул нүүрлэхийн өмнө тусламж хүссэн байна. Үүний сацуу, Махмуд “Сирийн Ардчилсан хүчин”-ий гол хүчийг бүрдүүлдэг ӨХАХ нь Сирийн Засгийн газрын цэргүүдтэй хэзээ ч дайсагнаж байгаагүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. АНУ-аас курдуудад нийлүүлсэн зэвсгийн хувьд тэдгээрийг “Лалын улс” бүлэглэлийн террористуудтай дайтахад ашигласан гэж тэрбээр цохон хэлжээ. “Лалын улс”-тай тэмцэх цэргийн ажиллагааг Ирактай хил залгаа оршдог Хажин хотод явуулж байгаа болохыг Курдын командлагч мэдээлсэн байна. Сирийн хойд нутагт оршдог тус хотод террористуудын цэргийн гол бэхлэлтүүд байрлаж байгаа аж.