Монгол, Туркийн иргэд тухайн улсдаа тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авах нөхцөл бүрджээ
Нийгмийн хамгааллын тухай Монгол, Турк улсын хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар хоёр улсын төлөөлөл өчигдөр (2021.08.11) цахимаар уулзлаа.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга М.Наран нар, БНТУ-ын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Ахмет Эрдэм, Нийгмийн хамгааллын институтын Тэтгэврийн үйлчилгээ хариуцсан ерөнхий захирал Исмэйл Эртузун, ХНХЯ-ны Хэлэлцээрийн газрын дарга Селим Даглиоглу болон холбогдох албаныхан оролцов.
Уулзалтаар Нийгмийн хамгааллын тухай Монгол, Турк улсын хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ашиглах маягтуудын төслийг хэлэлцэв. Уг маягтуудыг эцэслэн баталснаар Монгол Улс болон БНТУ-д ажиллаж, амьдарч байгаа хоёр улсын иргэд хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авах нөхцөл бүрдэж, нийгмийн баталгааг хангах юм.
Хэлэлцээрээр хоёр улсын иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж тогтоож олгох зэрэг харилцааг зохицуулж байна.
“Нийгмийн хамгааллын тухай хоёр орны хоорондын хэлэлцээр”-ийг УИХ-аас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, БНТУ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр соёрхон баталж, энэхүү нийгмийн хамгааллын хэлэлцээр албан ёсоор энэ оны 3 дугаар сарын 1-нээс хэрэгжих эрх зүйн орчин бүрдсэн юм.