Их аварга Хакүхо М.Даваажаргал Нагоя башёд эргэн ирлээ

Их аварга Хакүхо М.Даваажаргал Нагоя башёд эргэн ирлээ

 

Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё энэ сарын 4-ний өдөр Нагоя хотын “Долфинс” ордонд эхэлсэн бөгөөд 6 башё дараалан өнжсөн 69 дэх Их аварга /Ёкозүна/ Хакүхо М.Даваажаргал барилдаж байгаа юм.

Тэрбээр башёгийн эхний өдөр Комүсүби Мейсэйг каганаге мэхээр 2 дахь өдөр Маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Эндог уватэдашинаге мэхээр тус тус давсан бол өнөөдөр Дайейшо /М-1/-той барилдана.

Энэ удаагийн башёд түрүүлбэл Ёкозүна цол хүртэх болзолтой Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Комүсүби Вакатакакагэг хаяж, 2 даваатай яваа бөгөөд өнөөдөр Таканошо /М-2/-той барилдана.

Монгол сумочдын хувьд Нагоя башёг гараа сайтай эхлүүлээд байна. Тухайлбал,Ичиножёо /М-2/ А.Ичинноров, Чиёошома/М-7/ Г.Мөнхсайхан, Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил нар 2 даваатай башёг үргэлжлүүлж байна. Харин өчигдөр хоёулаа 1 даваатай байсан Хошёорюү /М-5/ С.Бямбасүрэн, Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн нар учраа таарч барилдан Хошёорюү шитатэнаге мэхээр давж 2 даваатай болсон юм.

Озэки цолтнуудаас Шодай 2 даваатай бол Такакейшо өчигдөр Ичиножёо-д ёрикири мэхээр унаж 1 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Ташрамд дуулгахад, “Ковид-19” цар тахлын улмаас Нагоя башёгийн барилдаан болж буй “Долфинс” ордон тал дүүргэлттэй буюу 3800 үзэгчийг оруулж байна.

 

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 12.0