МЗЭ-90: Хан Хэнтийн зохиолчид-8
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, ЯРУУ НАЙРАГЧ НАМСРАЙН НЯМ-ОСОР: Дөрөв, тавдугаар ангид байхдаа том зохиолчдод дүн тавьдаг байлаа
“Араараа модтой Биндэрьяа Аралтай Хурхын минь чимэг” хэмээн нутгийн ах нар дуулалдан ахуйд буриад дууны уужим нугалаа, уянгалаг аяыг алмайран чагнахаас бус тэрхүү дуунд шингэсэн далдхан гуниг, нууцхан увдисыг хараахан ухаараагүй явсан бага насаа эдүгээ эргэн сананам. Орчлон ертөнцийн учир явдлыг таниагүй явсан гэнэн бага нас минь холын цэнхэр уулсынхаа дунд үлджээ. Одоо хаа холын газарт явахад нутгийн дуу надад хань болж хүүхэд насны дурсамж, дурдатгалыг сэргээн нутгийн минь салхийг тээн авчрах шиг болном.
“Аралтай тохойдоо умбаhан
Алтанхан Онон минь hанаам соо
Ариухан сургаалаа хайрласан
Аав л ижий минь hанаам соо”
Нутаг усны дуун сэтгэлд эгшиглэнэ. Тийн эгшиглэх сэтгэлийн утсыг тонхийлгэсэн нэгэн эрхэм хүмүүнтэй уулзаж, халуун дотно яриа өрнүүлсэн юм. “Миний мэдэх Чингисийн Монгол”, ”Бурхан Халдун” зэрэг номуудыг уншиж байсан минь нэлээд хэдэн жилийн өмнө юм. Харин уг номыг бүтээгчтэй уулзсан нь тун хожуу. “Их засаг” их сургуулийн ректор, “Хүннү” компанийн ерөнхий захирал, доктор, профессор. Ийнхүү үүсгэн байгуулж, удирдаж буй үйл хэрэг, ажил хөдөлмөрөөрөө өөрийгөө нэгэнт тодорхойлсон энэ хүмүүн бол Намсрайн Ням-Осор. Түүнийг ректор, захирал, эрдэмтэн гэдгээр нь хүн бүхэн мэднэ. Төрсөн нутагтаа мал маллаж, цэргийн алба хааж, Москвад Комсомолын дээд сургуульд суралцаж, улмаар сонины сурвалжлагч, клубын эрхлэгч, эвлэлийн удирдах ажилтан, Засаг даргын алба хашсан гээд түүнд хийгээгүй ажил гэж үгүй. Гэхдээ энэ бүх ажил мэргэжлийг эзэмшихээсээ өмнө тэрээр уран зохиол яруу найрагт хөл тавьжээ. Төрөлх нутгийнх нь эгэл ард зон, ухаант өвгөд, байгалийн сайхан, эртний түүхийн бахархал энэ бүхэн хөдөөх хөвгүүнийг яруу найргийн харгуйд хөтлөх алтан сэжим болжээ. Тэр л нандин сэжим түүнийг утга зохиолын нэгэн үеийнхэнтэй сэтгэлийн учгаар холбон нөхөрлүүлж, уран бүтээлийн замд оруулсан аж. Түүний ярианд Чингисийн тухай, бөөгийн шашин хийгээд хөх тэнгэрийн шүтлэгийн талаар олонтаа дурдагдаж байсан. Түүнчлэн Монголын эртний түүх соёл, өв уламжлалт ёс заншлаараа бахархах сэтгэл илт мэдрэгдэх бөлгөө. Яруу найргийн тухай түүний үзэл бодол ч тун сонирхолтой. Нутаг амьтай энэ найрагч Онон, Балж, Барх, Хурх, Хан Хэнтийнхээ тухай шүлэг дуундаа олонтоо өгүүлсэн байдаг нь тохиолдлын хэрэг биш. Түүний эх оронч үзэл нь ч гэсэн хөвчийн буйдхан суурин Батширээт сум, тоонот нутаг Турагтхаанаа хайрлах сэтгэлээс нь эхтэй. Харин яруу найрагчийн хувьд тэрээр 1980-аад оныхон гэгдэх үе тэнгийн уран бүтээлчидтэйгээ дотно үерхэж бие биеэ урмаар тэтгэж, онгодоор хөглөж явдаг нэгэн.
-Буриад хэлний яруу сайхан нь намайг найрагч болгосон-
-Миний уран бүтээл бага наснаас эхэлсэн гэж боддог. Яагаад гэвэл хүүхэд байх үеийн тэр торгон мэдрэмж яруу найргийн замд хөл тавих боломжийг нээсэн. Ер нь дөч гаран насны өндөрлөг дээрээс харж байхад миний амьдралд хэн нөлөөлсөн бэ, миний оюун сэтгэхүй хэрхэн бүрэлдсэн бэ гэдгийг эргэцүүлэн бодоход сайхан байдаг. Манай нутагт Иш гэж орос хэл мэддэг, орос маягаар амьдардаг буриад өвгөн байлаа. Төмрийн дархан хүн. Тэрээр жаран хэдэн настайдаа орос хэлийг сурч, тийм өндөр насандаа уран зохиол их уншсан. Ертөнцийн сонин сайхныг хуучилдаг өвгөн байсан. Эмгэн нь Балжмаа гэдэг нэртэй, сайхан талх барьдаг хөгшин байв. Ер нь жинхэнэ орос маягаар амьдардаг хүмүүс. Би өвгөнтэй их дотно харилцаатай, тэднийхээр байнга очиж дарханы хөөргийг нь дарж өгдөг байсан. Миний анхны ертөнцийг үзэх үзэлд тэр өвгөний үзүүлсэн нөлөө их байх гэж одоо боддог. Мөн манай нутагт Цэрэндорж гэж өвгөн байсан. Тэрээр “Монголын шилдэг яруу найраг” гэдэг номыг авдрынхаа ёроолд баадагнаад хадгалчихсан байдагсан. Цэрэндорж баавай Монголын зохиолчдын бүх зохиолыг мэддэг, Б.Явуухулан, П.Пүрэвсүрэн гэх мэт олон зохиолч, яруу найрагчдын зохиол бүтээлийг хадгалдаг, цээжээр уншдаг, яруу найраг сонирхдог ийм хүн байсан. Энэ хүн Хэнтий аймагт байгаа яруу найрагч Ломбын Нямаа бид хоёрын оюун санаанд нэлээд томоохон нөлөө үзүүлсэн хүн. Дээр нь надад ардын дуу их нөлөөлсөн. Манай буриад ардын дуу гэдэг бол үнэхээр гайхалтай. Жинхэнэ уянгалаг, эртнийхээ аялгууг илэрхийлсэн ийм сайхан дуу байдаг. Жишээлэхэд,
“Хавтгайхан Ононыхоо эрэг дээгүүр
Хазаартай тавьдаг хаа гоё л гээш нь…” гэх мэтээр… Яг буриадаар нь хэлэхэд илүү цэвэр, уянгатай сонсогддог. Ер нь буриад хэл бол эх монгол хэлний өрөм тос, дээж нь юм аа гэж би үздэгээ хэлмээр байна. Ингээд дунд сургуульд байх үед Нямбуугийн Нямдорж гуай таваас наймдугаар ангид миний уран зохиолын багш байлаа. Н.Нямдорж гуай өөрийн өвөрмөц арга барилтай. Томоохон зохиолчдын зохиол бүтээлийг цаасан дээр бичүүлээд биднээр алдааг нь засуулдаг байлаа. Бид дөрөв, тавдугаар ангид байхдаа Б.Явуухулан, Ц.Гайтав, Д.Пүрэвдорж нарын зохиол бүтээлийг дэвтэр дээрээ бичээд тэдний бичсэн зохиол бүтээлийн үг үсгийн алдаа, хэл найруулга нь ямар байна вэ гэдгийг шалгаад, том зохиолчдод дүн тавьдаг байлаа. Үнэхээр манай зохиолчид уянгын халилдаа автаад үг найруулгын зохирлыг орхигдуулдаг тал байдаг юм билээ гэдгийг тухайн үед ойлгосон. Энэ бол нэг ёсны хэл уран зохиолын хичээлийн дадлага байжээ гэж одоо эргэцүүлэн боддог юм. Өнөөдөр ямар нэгэн албан бичиг төлөвлөсөн ч гэсэн, хурал зөвлөлгөөний илтгэл бэлдлээ ч гэсэн Н.Нямдорж багшийн тэр дадлага, хэлний боловсрол их ач холбогдолтой байсан нь мэдрэгддэг. Тиймээс “Их засаг” их сургуулийн оюутнуудаа эх хэлээрээ яруу сайхан ярьж, бичдэг болгох юм сан даа гэсэн чин эрмэлзэл надад байдаг. Н.Нямдорж гуай олон шавьтай байлаа. Тухайн үед шүлэг бичдэг хориод хүүхэд байсан. Багш бидний зохиол бүтээлийг сонинд хэвлүүлнэ. Бас яруу найргийн уралдаан тэмцээн байнга явуулдаг байлаа. Жаахан архи дарс уухдаа надаас арай ахмад, наймдугаар ангийн хүүхдүүдийг дагуулаад явдаг, тэдэнд өөрийнхөө бодол санаа, яруу найргийн тухай маш их зүйлийг ярьж хэлж ойлгуулдаг байсан. Тэгэхээр нь би бас нөгөө томчууддаа атаархдаг байлаа. Намайг дагуулж явахгүй байна гэж. Гэхдээ яаж зургадугаар ангийн хүүхэд дагуулж явах вэ дээ.
-Хүн нутаг усныхаа төлөө оюун бодлоо зориулж явах ёстой-
-Би арван хэдэн настайгаасаа шүлэг бичсэн. Сүүлд цэргийн албанд байхдаа Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, Ш.Гүрбазар, Б.Сундуй, Л.Мягмарсүрэн нартай мөр зэрэгцэн шүлэг бичиж УБИС-ийн Утга зохиолын дугуйланд явдаг байлаа. Лувсандамбын Дашням гуай намайг уг дугуйланд дагуулж анх аваачсан юм. Тэгэхэд би Барилгын цэргийн “Алдар” сонины сурвалжлагч байв. Тэр үедээ бол би шүлэг зохиол бичдэг л гэж өөрийгөө үнэлдэг байлаа. Гэхдээ одоо бодоход үнэхээр шүлэгч болж чадаагүй байсан юм билээ. Тиймээс хориод настайдаа бичиж байсан шүлгүүд дотроос миний шүлгийн түүвэрт нэг ч шүлэг ороогүй. Н.Нямдорж гуай надад хэлдэг байлаа. “Чи өөрийнхөө шүлгийг засдаг болсон цагтаа, миний шүлгүүд болохгүй бүтэхгүй байна даа, одоо энэ шүлгүүдээ засах сайжруулах ёстой гэсэн тийм эрмэлзэлтэй болсон үедээ би зохиолч боллоо, яруу найрагч боллоо гэж бодоорой” гэж хэлдэг байсан. Н.Нямдорж багшийн амьд сэрүүн байхад би өөрийнхөө шүлэгт ерөөсөө гар хүрдэггүй, засвар хийдэггүй ёстой уянгын халилаараа явдаг байсан. Сүүлд Н.Нямдорж багшийг нас барсны дараа бүх шүлгүүдээ үзээд, тэгээд дахиж шүлэг бичээд, 20 хэвлэлийн хуудас шүлгийн хоёр түүвэр гаргасан. Энэ түүврийг би дөчин хэдэн насандаа гаргасан. Тэгээд эдгээр номын шүлгүүдээ эргээд нягтлахад үнэхээр чанар чансаатай, үнэхээр Н.Нямдорж багшийн шавь гэдгээ нотолсон ийм шүлгийн түүвэр болсон. Манай О.Дашбалбар, З.Түмэнжаргал гээд үе тэнгийн найрагчид надад хэлдэг байсан. “Чамайг дарга яруу найрагч гэж боддог байсан. Чи бол хүн яруу найрагч юм байна. Чиний зохиол бүтээлд үнэхээр Н.Нямдорж багшийн өөрийнх нь шүлэглэх арга барил шингэж үлджээ. Яг Н.Нямдорж багш шиг тийм арга барилаар шүлэг бичдэг хүн байна” гэж найз нөхөд маань урам нэмдэг байв. Ингээд бодоход уран зохиолын авьяас гэдэг хэзээ ч мөхдөггүй юм байна. Заавал 20 насандаа шүлэг бичнэ, 40, 50 насандаа шүлэг бичнэ гэж байхгүй. Шүлэг бичнэ гэсэн сэтгэлтэй, оргилуун хэвээрээ байх юм бол 50, 60 настайдаа ч шүлэг бичиж болно. Яруу найрагчдын 60 настайдаа бичсэн сайхан шүлэг, дуу алийг хэлж барах вэ дээ. Ийм сонин амьдралыг туулж байж би яруу найргийн моринд дөрөөлсөн хүн байгаа юм. Би өөрөө Чингис хаанаа дээдэлдэг хүн учраас шүлгийнхээ түүврийг Монголчуудын дээдийн шүтээн болсон Бурхан Халдун уулын нэрээр нэрлэсэн. Миний шүлгийн эхний түүвэр “Бурхан Халдун-1”, удаахь нь “Бурхан Халдун-2” нэртэй. Миний нэг дууны үг байдаг. “Бурхан Халдун” гэж.
“Бууралхан баавайн минь тоонот нутаг
Бурхан Халдун ууламнай
Буянхан заяаг минь түшиж
Бурхнаас хайрласан нутаг юм
Өвгөн баавайн минь тоонот нутаг
Өндөрхөн оройтой Бурхан Халдун
Үйл заяаг минь тэнцүүлсэн
Үлгэр домгийн нутаг юм
Хөгшин баавайн минь тоонот нутаг
Хөхрөнхөн харагданхай
Бурхан Халдун
Хүн зоны сонорыг булаасан
Хөх Монголын голомт нутаг юм”
Ер нь яруу найраг бол утга санаа сайн байх ёстой, яруу сайхан байх ёстой гэж би боддог. Би “Багын амраг” гэж нэг дуу хийсэн. Энэ дуунд маань хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр аялгуу зохиож, гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших дуулж байгаа.
“Баян-Овооныхоо хөндийг нүдээ аниад ч олно доо
Багын жаахан амрагаа нүүгээд холдсон ч санана даа
Хаслиг голын хөндийг харгуй хөтлөөд одно доо
Хар л багын амрагаа хаа ч л явсан санана даа
Цагаан горхины хөндийг саравчлан хараад танина даа
Цайлган багын амрагаа цайг нь уухаар мэднэ дээ
Толгод Хужиртынхаа хөндийг зүүдэндээ ч би олно доо
Турьхан багын амрагаа хүнийх ч болсон санана даа” гэсэн үгтэй. Мөн “Жонон вангийн хошуу” гэж нэг шүлэг бий.
“Жонон вангийн хошуу
Жороо л голдуу морьдтой доо
Зоргоор зүрхийг уяраасан
Зуны нар шиг охидтой доо
Хөвчийн вангийн хошуу нь
Хөлгөн судар шиг талтай даа
Хөнгөн гунигийг сэргээсэн
Хөөрхөн голдуу охидтой доо
Дайчин вангийн хошуу нь
Далай уудам талтай даа
Далдхан гунигийг сэргээсэн
Дальтай шувуу шиг охидтой доо” гээд л.
Миний дуу шүлэг бүгд нутаг усандаа зориулагдсан байдаг. Яагаад гэвэл бөөгийн онгод шиг миний онгод тэнгэр бол манай нутгийн уул ус, дээр мэлтийх хөх тэнгэр юм аа. Тийм учраас Бурхан Халдун, Өндөрхаан, Турагт хаан ууландаа, Баян-Овоондоо сэтгэлийн сэржим өргөн, дуу шүлгээ зориулж явдаг. Монголын нэрт дуучин Цэрэнханд гуайг аваачиж өөрийнхөө тоонот дээр дуулуулсан. “Нутгийн минь тэнгэр цэлмэг байгаасай” гэдэг тэр сайхан дууг дуулуулж уул усаа баясгасан. Ер нь нутаг усныхаа төлөө хүн оюун бодлоо зориулж явах ёстой гэж боддог. Ингээд
Урсгал Эгдээ дуутай
Уртхан Онондоо цуутай
Батширээт нутгийнхандаа энэ дашрамд мэндчилгээ дэвшүүлье.
Зүрхний хайр шиг зөөлхөн
Зүлгэн дээрээ тэнцүүлж
Эхийн сэтгэл шиг уяхан
Энгэрийнхээ цэцэгтэй наадуулж
Энх амьдралын харгуйд
Эхэлж оруулсан Хан Хэнтийнхэндээ 80 жилийнх нь ойн халуун дотно мэндчилгээг дэвшүүлье.
-Яруу найрагчид бол бөө нар-
-Ер нь яруу найраг бол бөөгийн дуудлагатай ижилхэн юм. Онгод орно гэдэг бол тэнгэрээс бууж ирж байгаа хишиг буян юм. Тийм учраас яруу найрагчийн онгод, уран бүтээлчийн онгод бол түүнтэй адилхан. Тиймээс би яруу найрагчид, уран бүтээлчдийг бүгдийг нь бөө нар юм гэж боддог. Шүлэг бичнэ гэдэг бол бөөгийн онгод орж ирж байгаатай яг адилхан зүйл. Д.Нацагдоржийн “Миний нутаг”, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?” бол бөөгийн дуудлагын хэлбэрээр бичсэн шүлэг. Үндсэндээ бөөгийн дуудлага шүү дээ.
“Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд…” гээд уул, усаа нэрлэж, онгодоо дуудаж шүлэглэсэн зохиол байгаа юм. Ер нь Монголын яруу найрагт бөөгийн яруу найргийн уламжлал маш хүчтэй шингэсэн. Бид оюун санаагаараа мөнх тэнгэртэй харьцдаг. Мөнх тэнгэр бол бидний оюун санааны орчлон, бидний эцэг дээдсийн оюун санааны орчлон юм гэж боддог. Өнөөдөр бидний тархи толгойд тэр бүх мэдээлэл шингэж хоцрохгүй. Тэнгэрээс бид байнгын мэдээлэл, дохио авч буй. Тэр мэдээллийг авах хамгийн боломжтой хүмүүс бол уран бүтээлчид юм. Уран бүтээлчийн зохиол бүтээл гэдэг бүхлээрээ мөнх тэнгэрээс буусан хишиг буян юм, онгод юм гэж хэлж болно. Манай Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн л гэхэд тэнгэрийн хайр хишгээр ийм олон сайхан бүтээл туурвисан байх аа гэж боддог. Тэрээр сэтгэлд шингэсэн сайхан дуунууд зохиосон. Би түүний “Ижийнхээ ачийг яалаа даа” гэдэг дуунд нь дуртай.
“Билүүтэй уулынхаа овоонд
Чулуу ганцыг нэмлүү дээ
Биеэ хувааж төрүүлсэн
Ижийнхээ ачийг яалаа даа…” гэсэн сайхан үгтэй. Ингэж хэлсэн найрагч ховор байх. Гэхдээ манай яруу найрагч, зохиолчдын шүлэг зохиолд үг үсгийн хувьд, найруулгын хувьд бодууштай зүйл байдаг. П.Сандуйжав гуай бол үнэхээр том яруу найрагч. П.Сандуйжав гуай миний номыг редакторласан. Түүний “Санахын жаргал” дуунд “Цээжний махаа барах нь дээ” гэсэн үг байгаа. Энэ бол хэр оновчтой үг болсон юм бол доо гэж бодож явдаг. “Бурхан Бумбын орон” гэдэг дуунд бас бодууштай мөр бий. “Сэгсгэр буурал ээжийгээ, дүнхгэр буурал аавыгаа” гэх мэтээр хэлсэн байдаг. Сайхан буурал ээжийгээ, дөлгөөн буурал аавыгаа гэх мэтээр хэлчихэж болоогүй юм болов уу даа гэсэн бодол төрдөг. Ер нь манай яруу найрагч, зохиолчид шүлэг, зохиолынхоо хэл найруулгын асуудлыг анхаарах ёстой юм. Манай соёлын үнэт зүйл, үндэсний түүх соёлын амь бол монгол хэл шүү дээ. Тийм учраас монгол хэлээ сэргээх, хөгжүүлэх нь орчин үеийн хамгийн тулгамдсан асуудал болчихоод байна. Ер нь хэлгүй монгол болчих гээд байна. Хэлгүй бол монгол биш болчихно л доо. Монголыг тодорхойлж байгаа ганцхан зүйл бол хэл. Хэлээр дамжиж соёл нь уламжлагдан хөгжинө.
-Манай үеийнхэн оюун санаагаараа нэгдсэн-
-Бат-Очирын Сундуй бол үнэхээр онгодтой сайхан яруу найрагч байсан. Миний бага залуу цагийн найз. 1990-ээд оны ардчилсан хувьсгалын үед ч бид санаа сэтгэлээ нэгтгэж явсан. Эргээд бодоход манай Б.Сундуйн шүлэг зохиолууд үнэхээр хийморьлог сайхан шүлгүүд байдаг. Түүний нэг шүлэг бий.
“Амраг чинийхээ тухай бодоход
Ажлын хар гуталтай явсан ч гоё санагдана
Автобусны мөнгөгүй ч баян санагдана…” гэж. Энэ бол миний сэтгэлээс хэзээ ч гардаггүй ийм шүлгийн мөр. Манай Ш.Гүрбазар
“Юндэн Нансалмаа гэхээр
Таньдаг хүн шиг бодогдоно
Ерөөл буянаар учирсан
Монгол амраг санагдана” гэж бичсэн шүү дээ. Мөн Б.Лхагвасүрэн хорин хэдэн настай байхдаа миний өврийн дэвтэрт бичсэн шүлгийн мөрүүд байгаа. Тэр үед Б.Лхагвасүрэн ардын уран зохиолч цол хүртээгүй, төрийн соёрхол аваагүй, жирийн нэгэн залуу Москвагийн Кино урлагийн дээд сургуулийн амралтаар ирээд байхдаа миний тэмдэглэлийн дэвтэрт мөнхөлж үлдээсэн байдаг.
“Энэ Цайдмын голд хөшөө дурсгалаа босгов би
Эрэвгэр алаг нүднүүд тасралтгүй илэх болно
Магнайн цаана ясан дотор буцлах
Малчны боргил ухаан мандтугай” гэж бичсэн мөр бадгууд миний санаанаас гардаггүй. Д.Цогтын
“Амраг чинийхээ гарыг атгахад
Амьдралд хийсэн зүрх шиг
Алганд бүлээ оргиж байна” гэсэн нэг сайхан шүлэг байдаг. Уран бүтээлийн олон сайхан нөхөд байна. Л.Мягмарсүрэн гэж онгодтой сайхан яруу найрагч байна. Манай Г.Мэнд-Ооёо байна. Г.Мэнд-Ооёо бол бидний үеийн түшиг тулгуур болсон яруу найрагч. Ер нь бүгдээрээ том яруу найрагчид болсон. З.Түмэнжаргал гэж билиг танхай яруу найрагч байна. Тэгээд манай Д.Банзрагч байна. Манай зарим нөхөд хэлдэг юм “За, Ням-Осор оо, чи шүлэг бичихээ больвол яасан юм. Энэ улс чинь тэртэй тэргүй ойлгомжтой болчихлоо шүү дээ. Ялангуяа дууны шүлгийн хувьд чи эд нарын хоолыг булаацалдаад яах гэсэн юм” гэж наргиан болгодог. Ийм л найз нөхөд байгаа юм. Үнэхээр нэг цаг үеийнхэн. Цагийг эзэгнэсэн найзууд гэж хэлж болно. Нэгэн үеийнхэн маань ийм сайхан оюун санаагаараа нэгдсэн хийморьлиг залуучууд байсан явдал миний ертөнцийг үзэх үзэл төлөвшихөд, өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд оюуны их гүүр болсон байх аа гэж боддог.
Н.Ням-Осор найрагчийн чин сэтгэлийн хүүрнэлийг танд хүргэлээ. Уран бүтээл, эрдэм туурвилын аянд олз омогтой яваа тэрбээр унасан нутаг, угаасан усандаа сэтгэлийн дуугаа өргөсөөр.
“Их Ононыхоо усанд би үлдэнэ
Ирэх цагийн хөтөч болж үлдэнэ
Ирмэх нүдний толио болж үлдэнэ
Итгэл хүслийн гэрэл болж үлдэнэ
Уулсын цэнхэр өнгөнд нь
Уусаж би үлдэнэ” хэмээн бичсэн энэ найрагчийн уран бүтээл Бурхан Халдун уул шигээ эрхэмсэг гэгээн, тод тунгалаг байх болтугай.
Г.Сонинбаяр. 2003 оны дөрөвдүгээр сарын 12. “Улаанбаатар” радио. “Тунгаамал дээж” нэвтрүүлэг