Австрали хүн амын 80 хувиа вакцинжуулсны дараа хилээ нээнэ
Австрали улс цар тахалтай тэмцээд 18 сар болж байгаа ч хүн амын ердөө дөрвөн хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдаад байна. Энэ нь Ерөнхий сайд Скотт Моррисоны халдвартай тэмцэх стратеги муу байгаатай холбоотой хэмээн иргэд нь шүүмжиллээ. Харин АНУ-ын иргэдийн 46 хувь, Английн насанд хүрэгчдийн 47 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдаад байна. Гэхдээ Австралид вакцинжуулалт удаан байгаа нь иргэдийн идэвхи муу байгаатай холбоотой юм. Тухайлбал, “The Sydney Morning Herald” сэтгүүлээс явуулсан судалгаагаар насанд хүрэгчдийн 15 хувь нь вакцин огт хийлгэхгүй, 14 хувь нь ирэх сард вакциндаа хамрагдах магадлал бага гэсэн дүн гарчээ. AstraZeneca вакцин цусны бүлэгнэл үүсгэсэн гэсэн мэдээлэл дөрөвдүгээр сард цацагдсан нь иргэдийн вакцины идэвхийг сулрахад нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ эрх баригчдын зүгээс хилээ нээхээс өмнө хүн амынхаа 80 хувийг вакцинжуулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Энэ зорилтдоо 2022 он гарахаас өмнө хүрэхээр ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд долдугаар сард 600 мянган тун Pfizer вакцин нийлүүлэхээр болжээ. Энэ талаар Ерөнхий сайд Скотт Моррисон “AstraZeneca вакцинтай холбоотой асуудлаас үүдэн мэргэжилтнүүд 50 болон 60-аас дээш насныханд тарихыг хориглосон. Тиймээс Засгийн газар AstraZeneca, Pfizer, Moderna компаниудтай нэмэлт гэрээ байгуулахаар ажиллаж байна” гэж ярьжээ.
Тус улсад дельта вирусын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим муждаа хоёр долоо хоногийн хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Үүнээс өмнө халдварын тоо аажмаар буурч эдийн засаг нь бага багаар сэргэж байгааг эрх баригчид нь сайшааж байв. Гэвч халдвараас сэргийлэх хангалттай хэмжээний вакциныг татаж аваагүйгээс үүдэн тархалтыг хумихын тулд хөл хорио тогтоохоос аргагүй байдалд хүрээд байна.Гэвч далайн эрэг дээр хүмүүс цугларч, бөөгнөрөл үүсгэн тайван зугаалсан хэвээр байна.Бизнес эрхлэгчдийн төлөөлөл “Цар тахлын хүнд хэцүү байдлыг бид хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ вакцинд хамрагдсан улс орон хэвийн амьдралдаа шилжсэнийг харахаар бидний уур хүрч байна” гэв.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин