Шүүх Н.Алтанхуягийг АН-ыг төлөөлөх эрхгүй гэж үзэж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгожээ
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Сонгуулийн ерөнхий хороонд "Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаар "Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д /нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан/ зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-ыг төлөөлөх эрхгүй гэж үзэн, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.