60 тэрбумынхны эрх мэдлээ авч үлдэх эцсийн нүүдэл нь төрийн тогтворгүй байдал
Гомдогсод, албан тушаал горилогсод, хорогдох байр хайгсад, өс санагсад нэгдэж, шударга ёс ярьсаар босч ирлээ. Үнэндээ эднийг хэдхэн сарын өмнө Монголчууд “60 тэрбумынхан” гэж нэрлэдэг байлаа шүү дээ. Харин одоо тэд өөрсдийгөө шударга ёс сахиулагчид гэж нэрлэх болжээ.
60 тэрбумынхны албан тушаал, эрх мэдлээ авч үлдэх эцсийн нүүдэл нь төрийн тогтворгүй байдал буюу Засгийн газрыг огцруулах явдал. Тиймээс улс орон, ард түмэн, эдийн засаг гээд олон “болохгүй” шалтгааныг үл тоон зөвхөн өөрийн өөрсдийн амин хувийн эрх ашгаа бодон Засгийн газрыг огцруулах бичиг гарын үсэг зурцгаав.
Энд ард түмнийг бодсон хүн нэг ч байхгүй гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ аман дээрээ болохоор ард түмэн, улс орны эрх ашгийн төлөө хэмээн ярьцгаах аж.
За яах вэ. Тэдний хүслээр болог гээд Засгийн газрыг огцруулья.
Гэвч үнэндээ дараагийн Засгийн газарт хэн ажиллах вэ, хэн Засгийн газрыг тэргүүлэх вэ гэж бодохоор ерөөсөө хүн харагдахгүй байгаа юм. Бохь зажилдаг, битон тараадаг хүмүүс л энэ Засгийн газрыг бүрдүүлэх нь байна шүү дээ. Өөрийн гэсэн үзэл бодолтой хүн тэдний дунд нэг ч байхгүй. Бүгд л ардаа зааварчилгаатай утсан хүүхэлдэйнүүд гүйцэтгэх засаглалд орно. Тэдний эзний зааварчилгаагаар хөдөлж, бөхөж байсан 60 тэрбумын гал жинхэнэ утгаараа бадамлаж эхлэх биш үү.
Үүнийг иргэд, олон нийт хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-д байгаа энэ олон “хөлдүү”-г яая даа гэж тэсч байгаа ард түмэн тэднийг гүйцэтгэх засаглалд орж, сайд болоод эхэлбэл тэсэрч дэлбэрч мэдэх биз.
Ард түмэн тэдэнд үнэхээр дургүй байна. Цахим хуудсанд явагдсан санал асуулгад Засгийн газрыг огцруулахаас илүүтэйгээр УИХ-ыг тараах нь зөв гэсэн саналыг өгч байгаа харагдав. Өөрөөр хэлбэл УИХ иргэдийнхээ дунд ямар ч нэр хүнд, итгэл үнэмшилгүй болсон гэдэг нь харагдаж байна. Ийм засаглал удаан оршин тогтнохгүй.
Харин дотоод цэвэрлэгээгээ хийж байгаа, болохгүй бүгдээсээ салахаар оролдож байгаа У.Хүрэлсүхийн үйлдэл иргэдэд таалагдаж байна. Заримдаа хууль зөрчиж, заримдаа хэт хийсвэрлэж, заримдаа зүгээр шоудаж байгаа мэт боловч, үнэндээ иргэд шударга ёсыг хүсэмжлээд удаж байна.
Тиймээс л шударга ёс үнэртсэн бүгдийг амиа тавин хамгаалахад ч бэлэн байгаа нь анзаарагдав. Нэгэнт боссон салхины өөдөөс ус цацаад нэмэргүй гэдэг дээ. Олон нийтийн салхи шударга ёсыг хүсэмжилж байхад суудлаа зууралдаж, явцуу эрх ашгийг хамгаалсаар байх уу?
Undesten.mn