Коронавирусний “британи” хувилбарыг илрүүлдэг тест бүтээжээ

Коронавирусний “британи” хувилбарыг илрүүлдэг тест бүтээжээ
ОХУ-д коронавирусний “британи” хувилбарыг илрүүлдэг тестийг бүтээжээ. Тус улсын Халдвар судлалын төв хүрээлэнгээс бүтээсэн энэхүү тестийг мутац бүхий сорьц дээр туршихад өндөр нарийвчлалтай болох нь батлагджээ.Түүнчлэн, шинэ технологийн тусламжтай коронавирусний бүхий л мутацыг төдийгүй бусад халдварыг илрүүлэх боломжтой гэнэ.

Коронавирусний “британи” хувилбарыг 2020 оны есдүгээр сард Их Британид анх илрүүлсэн бол “өмнөд африк” хувилбарыг мөн оны аравдугаар сар, “бразил” хувилбарыг 2021 оны нэгдүгээр сард тус тус бүртгэсэн билээ.
“Sky News” сувгийн мэдээллээр, “британи” хувилбараар халдварласан өвчтөнүүдэд ханиах, хоолой өвдөх, ядрах, булчин шархирч өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг нийтлэг ажиглагдаж байна.

Бразилд коронавирусний таван шинэ омог илрээд байгаа ба “бразил” хувилбарт “VUI-NP13L” нэршил өгөөд байна. Энэ хувилбараар халдварласан өвчтөнүүд харьцангуй хөнгөн хэлбэрээр өвддөг аж.
Ройтерс агентлагийн мэдээллээр, “өмнөд африк” хувилбар болох “501.V2” омог илүү халдвартай болох нь тогтоогджээ. Эл хувилбар хүний бие организмд орохдоо илүү хүчтэй бөгөөд хялбар байдлаар хүний эстэй холбогддог байна. Энэхүү омог хүн амын дунд 50 хувиар илүү хурдан тархаж буй нь үүнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, “британи” омог 86 улсад, “өмнөд африк” хувилбар 44 оронд, “бразил/япон” хувилбар дэлхийн 15 оронд бүртгэгдээд байна.
 

скачать dle 12.0