Хүүгээ биш, эрсдэлээ багасгая
“Зээлийн хүү буураасай” гэж олон хүн хүсдэг. Зээл авсан, эсвэл авах гэж буй хүмүүсийн хүсэл бол хүү нь Америк, Японых шиг 1-2 хувь болоосой гэсэн гэнэн мөрөөдөл. Монголд зээлийн хүү 1-2 хувь бүү хэл, нэг оронтой тоонд ч багтах боломж даанч алга. Одоогоор зээлийн хүүгийн дундаж хэмжээ 18 хувь байна. Сүүлийн хэдэн жилд нэлээд эрчтэй “уруудсан” ч ийм хэмжээнд хүрсэн. Зээлийн хүү өндөр байгаа шалтгааныг зөвхөн банкуудтай холбох өрөөсгөл хандлага нийгэмд газар авлаа. Зарим эдийн засагч банкууд л зээлийн хүүг өндөр тогтоогоод, мөнгө хүүлээд байна гэж мушгин гуйвуулах болов. “Зээлийн хүү буураасай” гэсэн нийгмийн сэтгэл зүйг далимдуулан, хүүг хүчээр бага хэмжээнд тогтоох хуулийн төсөл боловсруулж байх жишээтэй. Олонх эдийн засагч зээлийн хүүг хүчээр тогтоох нь яавч сайн үр дүнд хүргэхгүй гэдгийг батлан тайлбарласаар байна. Энэ талаар Хасбанкны гүйцэтгэх захирал М.Болд “Зээлийн хүүг хүчээр барина гэдэг нь мөнгөн хөрөнгөд төрөөс үнэ тогтооно гэсэн үг. Тойруу замаар хадгаламжийн мөнгөнд үнэ тогтооход хүргэнэ. Зээлийн эх үүсвэр буюу түүхий эд нь хадгаламж байдаг. Хадгаламжийн мөнгө бол таны хувийн өмч. Хувийн өмчид төр үнэ тогтоох болж байна. Зөвхөн чинээлэг хэсэг бус, нэг сая орчим хүүхэд, тэтгэврийн насныхан хадгаламжтай байгааг мартаж болохгүй. Бодит байдлаас бага хүүтэй хадгаламжид хүмүүс мөнгөө хийхгүй. Хадгаламж буурвал зээл олгох мөнгө багасна. Ингээд үнэ тогтоовол зээлийн олдоц улам хумигдана. Малын маханд үнэ тогтоовол дэлгүүрийн лангуу хоосрохтой адил гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлжээ.
…Зээлийн хүүг хямдруулахад оройлон оролцох, хамгийн чухал санаачилгуудыг гаргах эзэн нь төр. Бүр тодруулбал, УИХ-ын бодлого, чиглэл, Засгийн газрын гүйцэтгэл чухал нөлөөтэй юм. Зээлжих зэрэглэлээ сайжруулахын тулд өрийн менежмент хийх хэрэгтэй. Өрөө өрөөр дарах биш, өөрсдөө дарах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Өөрсдийн нөөц боломжийг дайчлан өрөө дараад эхэлбэл энэ улсад мөнгө зээлбэл эргүүлж төлж чадах юм байна гэсэн итгэл хөрөнгө оруулагчдад төрнө. Ингэх тусам зээлжих зэрэглэл сайжирна. Зээлийн хүү буурна…
Зээлийн хүү яагаад өндөр байна вэ? Хүчээр буулгах гэж улайрахын оронд эхлээд шалтгааныг нь тогтоогоод, дараа нь түүнийг хэрхэн шийдэх ёстойгоо бодох учиртай. “Голомт” банкны ахлах эдийн засагч Г.Ганзориг манай сонинд ярилцлага өгөхдөө “Манай улсын зээлжих зэрэг муу учраас гадаадаас 7.5 хувийн хүүтэй валют зээлж байна. Үүнийг Монголд оруулж ирээд, төгрөгт хөрвүүлээд зээл олгохдоо зургаан хувийн хүү нэмдэг. Сүүлийн 14 жилд төгрөгийн ханш ам.долларын эсрэг жилд дунджаар зургаан хувиар суларсан. Тиймээс ханшийн эрсдэлийг тооцож зургаан хувийг нэмдэг юм. Ингээд зээлийн хүү 13.5 хувь болно. Зээлийн хүү өндөр байгаагийн хамгийн том суурь шалтгаан энэ” гэж ярьсан. Эндээс хэрэв Монгол АНУ-ынх шиг ААА гэсэн зээлжих зэрэглэлтэй байсан бол олон улсын зах зээлээс 1.5 хувийн хүүтэй валютын эх үүсвэр татах нь, мөн төгрөгийн ам.доллартой харьцах ханш тогтвортой байвал эрсдэлийн хүү нэмэгдэхгүй нь гэсэн логик гарч байна. Зээлжих зэрэглэл ААА болчихвол зээлийн хүү зургаа, ханш тогтворжчихвол мөн зургаан хувиар буурах нь. Нийлээд 12 хувь. Ингэж чадвал зээлийн хүү хүссэн, хүсээгүй нэг оронтой тоонд хүрэх нь байна. Тэгэхээр зээлийн хүүг бууруулахын тулд эхлээд зээлжих зэрэглэлээ сайжруулах, валютын ханшийг тогтворжуулах шаардлагатай аж. Товчхондоо, эдийн засгийн эрсдэлээ бууруулах хэрэгтэй юм санж.“Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Ч.Ганзориг “Монгол Улсын эрсдэлийн түвшин буурсан цагт санхүүгийн байгууллагууд зах зээлийн жамаараа хүүгээ багасгах болно. Мөн Засгийн газрын бонд нэрээр 15 хувийн эх үүсвэрийг татаж авдгаа хязгаарлаж, тэр мөнгө банкнаас хувийн хэвшлийн бизнест очих боломж бүрдүүлэх хэрэгтэй. Ер нь тогтворгүй эдийн засагт төгрөгийн ханш хэдхэн жилийн дотор 50-60 хувь унаж байхад зээлийн хүү өдий зэрэгтэй байгаа нь их юм” гэж нэгэн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр зээлийн хүү өндөр байгаа шалтгааныг хэдэн өгүүлбэрт багтаагаад хэлчихсэн нь энэ. Эрсдэлээ бууруулах гэсэн санаа онцолсон байгааг нь анзаараарай. Тэгвэл эдийн засагч Д.Дэлгэрсайхан зээлийн хүүгийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Улс төрийн эрсдэл зээлийн хүүд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, суурь хөрсөө бүрдүүлээгүй нөхцөлд зээлийн хүүг бууруулна гэдэг байж болохгүй. Тэр ч бүү хэл, улс төрийн зорилгоор гаргаж буй ямар нэг шийдвэрийн цаана эрсдэл гарсаар байдгийг цаг хугацаа харуулж байна шүү дээ. Ер нь зээлийн хүү гэдэг байнга эрсдэл агуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж ярьжээ. Дахиад л эрсдэлийн тухай яриа.
Тэгвэл эрсдэлээ хэрхэн бууруулах вэ? Банкууд л зээлийн хүүг өндөр тогтоогоод, мөнгө хүүлээд байна гэж хоосон хашхирахын оронд байгаа онож, шийдэл хайх цаг нэгэнт иржээ. Тэгэхээр эрсдэлийг хэн бууруулах вэ? Банкууд бууруулах ёстой гэж хашхирвал бас л эндүүрэл болно. Эрсдэлийг бууруулахад маш олон талын оролцоо, нөр их хөдөлмөр шаардлагатай. Монголчуудын боловсролын түвшин, хандлага, хариуцлага ч зээлийн хүүг буруулахад тойруу замаар нөлөөлөх нигууртай. Гэхдээ зээлийн хүүг хямдруулахад оройлон оролцох, хамгийн чухал санаачилгуудыг гаргах эзэн нь төр. Бүр тодруулбал, УИХ-ын бодлого, чиглэл, Засгийн газрын гүйцэтгэл чухал нөлөөтэй юм. Зээлжих зэрэглэлээ сайжруулахын тулд өрийн менежмент хийх хэрэгтэй. Өрөө өрөөр дарах биш, өөрсдөө дарах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Өөрсдийн нөөц боломжийг дайчлан өрөө дараад эхэлбэл энэ улсад мөнгө зээлбэл эргүүлж төлж чадах юм байна гэсэн итгэл хөрөнгө оруулагчдад төрнө. Ингэх тусам зээлжих зэрэглэл сайжирна. Зээлийн хүү буурна. Та итгэлтэй нөхрөө “Мөнгө зээлээч” гэж гуйвал ямар ч хар буруу санаагүйгээр өгч орхино. Итгэж байгаа учраас тэр. Харин таны итгэлийг алдсан, авсан мөнгөө хугацаандаа төлөөгүй, эргүүлж төлөх чадвар нь эргэлзээтэй хүнд сайтар асууж шалгаан, ам өчгийг нь авч байж өгнө. Зээлжих зэрэглэлээ сайжруулахын ашиг тус хүний харилцааны асуудалтай агаар нэг.
Ам.долларын ханшийг хэрхэн тогтворжуулах вэ? Маш олон арга чарга, санал санаачилга гаргах нь тодорхой. Том зургаар нь харвал ахиухан ам.доллар олох нь хамгийн гол шийдэл юм. “Ногоон”-ы ханш яагаад жил бүр өсөөд, тогтворгүй байдаг вэ? Энэ асуултад хариулахад маш амархан. Манай улсад орж буй ам.доллар, гарч буйгаасаа бага учраас ингэдэг юм. Өөрөөр хэлбэл, манай зах зээлд ам.доллар дутагдаад ханш нь өсдөг. Тэгэхээр ханшийг тогтвортой барья гэвэл зах зээлд ам.доллароо илүүдүүлэх шаардлагатай. Нэг арга нь олж ирэх ам.долларынхоо хэмжээг нэмэх. Ингэхийн тулд гадаадынханд маш олон бараа бүтээгдэхүүн зарах шаардлагатай. Очиж барилгыг нь барьж өгдөг сөн үү, олон ажил, үйлчилгээ үзүүлэх ёстой. Орж ирэх ам.доллар гарахаасаа давбал ханш нь тогтворжино. Цаашлаад валютын хуримтлал бий болно. Түүгээрээ өрөө дарна. Ийм ашигтай юм. Эцэст нь мөнөөх мөрөөдөл болсон зээлийн хүү буурах нигууртай. Тэгэхээр хүүгээ биш, эхлээд эрсдэлээ “тайрах”-ын төлөө ажиллах ёстой юм.
Эх сурвалж: unuudur.mn