Б.Баярсайхан: Метанолоо зарвал эдийн засгийн ашгаараа Таван толгой, Оюутолгойгоос ч илүү гарах боломжтой
Монгол улс нүүрсний арвин их нөөцтэй. Нүүрсийг хэрхэн байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай боловсруулах, хэрэглэх талаар ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими технологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Б.Баярсайхантай ярилцлаа.
-Таны хийж буй судалгаанэрнээсээ эхлээд их сонирхолтой санагдлаа. Метанолын эдийн засгийн Монгол хувилбар гэдгийг тайлбарлаж болох уу?
-Тодорхой ойлголт авахын тулд эхлээд энэ ажлыг хийх болсон уг шалтгаан, үндэслэлийг ойлгох хэрэгтэй болов уу.
-Үндэслэл, шалтгаан нь юу байв?
-Улс орон болгонд өөр өөрийн гэсэн хүндрэлтэй асуудал, яаралтай шийдвэл зохилтой тулгамдсан зорилтууд байдаг байх. Гэхдээ дэлхий дахинд тулгамдсан нэг л гол асуудал бий. Энэ бол дэлхийн дулаарал. Түлш, эрчим хүчний үндсэн эх үүсвэр болох нүүрс, газрын тос, байгалийн хий гэх мэт органик түлшний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийг бууруулах нь өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгамдсан гол асуудал болоод байна. 1900-аад оноос хойш дэлхийн хүн ам 5 дахин өссөн. Эрчим хүчний жилийн хэрэглээ нефтийн эквивалентаар тооцвол бараг 14 тэрбум тонн болоод байна. Үр дагавар нь жилд агаар мандалд цацагдах нүүрсхүчлийн давхар исэл буюу хүлэмжийн хийн хэмжээ огцом өсөж, одоогийн байдлаар 34 тэрбум тонн хүрчлээ.
-Хүлэмжийн хийн өсөлт мэдээж сөрөг үр дагавартай. Жишээ нь яг ямар муу дагавар үзүүлэх вэ?
-Ер нь шатах ашигт малтмалд суурилсан цахилгаан эрчим хүч болон шингэн түлшний хэрэглээ нь аюул занал гэж хэлж болохоор гурван үндсэн үр дагавартай. Нэгд, дэлхийн дулаарал буюу цаг уурын өөрчлөлт; хоёрт, хот суурин газрын орчны бохирдол; гуравт, хэрэглээ одоогийн хурдаар явбал нүүрс, газрын тос болон байгалийн хийн нөөц удахгүй дуусна.
-Нүүрс, газрын тос, байгалийн хий бол түлш, эрчим хүчний үндсэн эх үүсвэр гэж та хэллээ. Хэрэв нөөц нь барагдвал цаашид эрчим хүчийг яаж үйлдвэрлэх вэ, эрчим хүчгүй бол эдийн засаг, үйлдвэрлэлийн талаар санах ч хэрэггүй биз дээ?
-Тэгэхээр эрчим хүчний өөр эх үүсвэр хайх ёстой. Хэн ч өмчлөх боломжгүй, хангалттай, хэзээ ч дундаршгүй, байгаль орчинд ээлтэй тийм эх үүсвэр. Энэ бол сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нарны эрчим хүч юм. Үүнийг дэлхийн эрчим хүчний салбарт өргөн хэрэглэдэг, манайд малчид хүртэл ашиглаж байгаа. Харин одоо яригдаж буй хувилбар бол цоо шинэ зүйл. Нарны эрчим хүчийг эх орны арвин баялаг нөөц бүхий нүүрстэй хослуулна.
-Нарны эрчим хүчийг хүн төрөлхтөн ашигладаг болоод багагүй цаг хугацаа өнгөрч байгаа. Цаашдаа ч нарны эрчим хүч гол эх үүсвэр байх нь ойлгомжтой. Гэтэл нөгөө хүлэмжийн хийн эх үүсвэр болсон нүүрсийг бас ашигласаар л байх юм уу?
-Энэ бол нарнаас эрчим хүчээр цахилгаан эрчим хүч шууд үйлдвэрлэдэг уламжлалт технологийн тухай асуудал биш. Халуун нар шарж байгаа үед хэрэглээ багасдаг, яг хэрэглээ ихэссэн үед нарны эрч буурдаг. Энэ нь хэрэглээ болон үйлдвэрлэлийн цаг хугацааны зөрүү технологийн хүндрэлийг үүсгэдэг. Цахилгаан хураагуурын технологи сүүлийн үед хөгжсөн ч энэ нь тодорхой тохиолдолд асуудлыг шийдэх боломжтой боловч урт хугацааны тогтвортой шийдэл биш юм. Харин энд яригдаж буй хувилбараар бол нүүрсийг хийжүүлнэ, нүүрснээс цахилгаан эрчим хүч болон химийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Харин эдгээр үйлдвэрлэлээс үүсэх хүлэмжийн хий буюу нүүрстөрөгчийн давхар ислийг нарны эрчим хүчийг ашиглан метанол болгон хувиргах юм.
-Метанолын эдийн засаг гэдгийг одоо та тодруулж ярих уу?
- Сонгодог ойлголтоор бол дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон хүлэмжийн хийг ямар ч хүлэмжийн хий ялгаруулдаггүй нарны эрчим хүчийг ашиглан метанол болгон хувиргах юм. Энэ бол метанолын эдийн засгийн үндсэн араг яс. Тухайн улс орны онцлогоос хамаараад технологийн олон хувилбартай хослуулж болно. Харин манай орны хувьд нүүрсний хийжүүлэлттэй хослуулснаар метанолын эдийн засгийн монгол хувилбар гээд байгаа юм. Ийм аргаар үйлдвэрлэсэн метанолыг liquid sunshine буюу шингэн нарны илч ч гэж нэрлэдэг.
Метанолын гайхамшиг гэж юм байна. Метанолоосолон төрлийн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Химийн үйлдвэрлэл хөгжинө гэсэн үг. Шингэн түлшийг орлуулах бүрэн боломжтой. Бензинтэй харьцуулахад хөдөлгүүрийн хүчин чадал 20 хувиар өсдөг. Бусад төрлийн түлштэй харьцуулахад шаталтын үед ялгарах хүхрийн болон азотын ислүүд, угаарын хий, дэгдэмхий органик нэгдлүүдийн ялгарал үлэмж бага гэхчилэн олон зүйл ярьж болно. Өөрөөр хэлбэл, арвин баялаг нүүрс, хэзээ ч дундаршгүй нарны энергээр эх орныхоо түлш, эрчим хүчний асуудлыг хүлэмжийн хийн ялгаралгүй бүрэн шийдэх боломжтой болно.
-Хүлэмжийн хийнээс үүдэлтэй цаг уурын өөрчлөлт бол дэлхий нийтийн асуудал. Гэтэл таны ярьж буй зүйл зөвхөн Монголд хэрэгжих юм шиг ойлгогдоод байна л даа. Энэ хоёр яаж холбогдох вэ?
-Зөв асуулт. Тэгэхээр цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлыг улс орнууд бие дааж шийдэх боломжгүй. Хүлэмжийн хийнд хил хязгаар гэж байхгүй. Энэ бол глобал асуудал. Энэхүү асуудлыг дэлхий нийт хамтын хүчээр шийдэхийн тулд Парисын тунхаг энэ оноос хэрэгжиж эхлээд байна. Энэ тунхагийн хүрээнд Монгол улс зөв оновчтой ажиллаж чадвал дэлхийн хүлэмжийн хийг бууруулахад өөрийн хувь нэмрийг оруулаад зогсохгүй эдийн засгаа огцом өсгөх боломж байна.Хөгжилтэй улс орнуудын хувьд хүлэмжийн хийгээ бууруулахад цаашид нэг их хүндрэл учрахгүй. Харин манай хөрш зэргэлдээ Хятад улсын хүлэмжийн хийн ялгарал дэлхий нийтийн толгойн өвчин болоод байна. Манай гариг дээр өндөр хөгжилтэй, буурай хөгжилтэй, том жижиг 200 гаруй бие даасан улс үндэстэн оршдог. Гэхдээ л бие даасан бүрэн эрхт улсууд. Гэтэл дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын бараг 30 орчим хувь Хятад улсад ноогдож байна. Ганцхан улс шүү дээ. Дэлхийн хүлэмжийн хийг бууруулна гэдэг нь бараг Хятадын хүлэмжийн хийг бууруулна гэсэнтэй адилхан сонсогдож байгаа юм.
-Тэгвэл Хятадын хүлэмжийн хийг бууруулахад Монгол улс хувь нэмэр оруулна гэсэн үг үү?
-Яг тийм. Бид хий нийлүүлнэ. Дээр хэлсэнчлэн нүүрсээ хийжүүлээд хий экспортлоно. 2100 он хүртэл Хятад улсын хүлэмжийн хийг хэрхэн бууруулах талаар Хятадын тэргүүлэх 10 эрдэм шинжилгээний хүрээлэн Станфордын Их сургуультай хамтран хийсэн судалгааны тайлан бий. Хятадын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй хэрхэн хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр хийсэн хамгийн оновчтой хувилбар. Энэ хувилбараар бол нүүрсний хэрэглээг бууруулсаар 2100 он гэхэд бараг тэглэнэ гэсэн байгаа. Сэргээгдэх эрчим хүч, метанолын хэрэглээгээ огцом өсгөхөөр заасан. Метанолыг үйлдвэрлэх эх үүсвэрээс хамааруулан ашигт малтмалын метанол, хөх метанол, ногоон метанол гэж ангилдаг. Нефтийн хэрэглээ одоогийн түвшинтэй харьцуулахад 2–3 дахин буурах байх. Харин хийн хэрэглээгээ 2050 он хүртэл 4 дахин өсгөхөөр тусгасан. Энэ нь цаашид буурсаар 2100 он гэхэд 2 дахин багасах буюу одоогийн түвшинтэй харьцуулахад хийн хэрэглээ 2 дахин их түвшинд очно гэсэн үг. Гэхдээ Хятадын одоогийн хэрэглээ 300 гаруй тэрбум куб метр гээд бодооход энэ асар их хэрэглээ. Хэдхэн жилийн өмнө эдийн засаг нь хүндэрсэн Орос улс Хятадтай жилд 38 тэрбум байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулсан. Тухайн үед үүнийг асар том хийн гэрээ боллоо гэж дэлхийн хэвлэл мэдээллээр шуугиж байсан. Гэтэл энэ нь Хятадын өнөөгийн хэрэглээний 10 гаруй л хувь шүү дээ. 2050 оны түвшинтэй харьцуулбал ердөө 2.5 хувь. Цаашид өсөн нэмэгдэх хийн энэ их хэрэглээг хаанаас яаж хангах нь тийм ч тодорхой бус байгаа. Тиймээс хэрэв бид хий нийлүүлнэ гэвэл зах зээл бэлэн гэсэн үг. Хөрш зэргэлдээ ойрхон учраас үнэ өртгийн хувьд хямд тусна.
-Нүүрсийг удахгүй ашиглахаа болино гэх мэтээр зарим хүмүүс ярьдаг. Гэтэл таныхаар бол хий болгож хувиргаад зарах юм байна. Валютын эх үүсвэр гэсэн үг. Харин дээр ярьсан метанолын эдийн засагтай хэрхэн яаж уялдах бол?
-Концепц яриад байхаар ойлгомжгүй байж магадгүй. Тодорхой жишээн дээр тайлбарлая. Монгол орон нүүрсээр баян. Нийт 173 тэрбум тонн геологийн нөөцтэй. Батлагдсан нөөц 38 орчим тэрбум тонн. Зах зээл бэлэн коксждог нүүрсний тухай энд ярихгүй. Зөвхөн хямд үнэтэй экспортлох боломжгүй хүрэн нүүрсний тухай асуудал юм. Ер нь манай нийт нөөцийн бараг 70 орчим хувь нь хүрэн нүүрс. Тэгэхээр зүүн болон төвийн бүсэд элбэг байдаг 200–300 сая тоннын нөөцтэй дундаж ордыг сонгоё. Хүчин чадлыг нь яаж ч сонгож болно. Хамгийн багаар жилд 10 сая тонн нүүрс хийжүүлэх үйлдвэр байгууллаа гэхэд ойролцоогоор 10 тэрбум куб метр хий. 1–2 тэрбум куб метр хийг дотоодын хэрэглээнд зарцууллаа гэж бодьё. Хийгээр ажилладаг цахилгаан станцаар эрчим хүчний асуудлаа шийднэ гэсэн үг. Айл өрхийн ахуйн хэрэглээг хийнд шилжүүлснээр агаарын бохирдлын асуудал шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, үр ашиггүй ажилладаг нүүрсний цахилгаан станцуудыг солих бүрэн боломжтой. 8–9 тэрбум куб метр хийг Хятад руу экспортлоно. Бүхэлдээ нүүрс-хими, эрчим хүчний цогцолбор байх юм. Энэхүү цогцолбор үйлдвэрлэлээс ялгарах хүлэмжийн хийг нарны эрчим хүч ашиглан метанол болгон хувиргана. Тэгэхээр цогцолборын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц, метанолын синтезийн үйлдвэр бас багтана гэсэн үг.
-Та метанол химийн үйлдвэрийн чухал түүхий эд гэлээ. Тэгэхээр олон жил ярьсан химийн үйлдвэр манайд хөгжих боломж нээгдэж байна гэж ойлголоо, тийм үү?
-Тийм ээ. Ер нь метанолын хэрэглээ дэлхий дахинд асар их. Бид газрын тосны бүтээгдхүүний хувьд 100 хувь гаднаас хараат гэж олон жил ярьсаар ирсэн. Энэ байдал ч өөчлөгдөнө. Машин техник, тээврийн салбарыг түлшний хувьд метанолд шилжүүлэх бүрэн боломжтой.
-Үйлдвэрийн хүчин чадлын дээд хэмжээг судалж үзсэн л байх?
-Би ойлгомжтой болгохын тулд тодорхой тоо хэлсэн л дээ. Ер нь бол 30, 50 сая цаашилбал 100 сая тонн нүүрс хийжүүлсэн ч болно. Үйлдвэрлэлийн хүчин чадал өсөхийн хэрээр ялгарах хүлэмжийн хийн хэмжээ өснө. Ингэснээр үйлдвэрлэх метанолын хэмжээ пропорционалаар өснө. Ер нь бол дэлхийн дахины тэр тусмаа Хятадын метанолын хэрэглээ асар их шүү дээ. Энэ хэмжээгээр гадаад худалдаанаас олох валютын эх үүсвэр өснө. Хийгээ зарна, метанолоо зарна. Юун Таван толгой, Оюу толгой. Байгаль орчинд ээлтэй эдийн засаг хөгжиж, дагалдах жижиг үйдвэрүүдээ тооцвол ажлын байр магадгүй хэдэн зуун мянгаар нэмэгдэх биз.
Ярилцсанд баярлалаа.