"SS Salon" орлогогүй болсон нийт ажилчиддаа мөнгөн тусламж үзүүлэх болжээ
Цар тахлын онцгой дэглэмт эдгээр өдрүүдэд иргэд болон аж ахуй нэгж байгууллагууд бүгд Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэн хатуу хөл хорион дор аж төрж байгаа. Харин өнөөдөр /2020.12.09/ Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Нийслэл Улаанбаатар хотын хатуу хөл хориог үе шаттайгаар буурууллаа. Ингээд УОК-ын зааварчилгаа болон Засгийн газрын шийдвэрийн дагуу зарим үйл ажиллагаа эрхлэгч иргэд болон албан байгууллагын үйл ажиллагааг нээх шийдвэрт хүрсэн. Харин үсчин болон фитнесс, саун зэрэг үйл ажиллагаа эрхлэгчдийг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн нээх тухай цухас дурдсан.
Энэхүү шийдвэр гарсны дагуу үүд хаалгаа нээх боломжгүй болсон ажил олгогч иргэд, албан байгууллагууд ажилчиддаа тусламж үзүүлж байгаа аж. Тухайлбал, "SS Beauty Salon"-ны захирал нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтэн нэг сарын турш ажилгүй орлогогүй байсан ажилчиддаа хөл хориог дахин сунгасантай холбоотойгоор мөнгөн тэтгэмж өгөх болсон байна. Ингэснээр нийт ажилчиддаа хүнд хэцүү цаг үеийг хамтдаа даван туулахад бодит дэмжлэг болох төдийгүй бусад албан байгууллагуудыг энэхүү уриалагад нэгдэхийг "SS Beauty Salon"-ны захирал Соня уриалж байгаа юм.