С.Бямбацогт: Гишүүдэд хариуцлага хүлээлгэх заалтыг илүү уян хатан болгох зохицуулалт хийсэн
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүнээс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төслийн талаар хууль санаачлагч гишүүн С.Бямбацогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар тус тус танилцуулав.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг үр нөлөөтэй явуулах, хуралдаан эхлэхэд бэлтгэл хангагдсан байх, зарим нэн яаралтай, шаардлагатай асуудалтай гишүүдийг танилцах боломжоор хангах үүднээс нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 9.00 цагаас эхлүүлж 10 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, хууль санаачлагч, дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд саналаа хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж, тус захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод цаглавараа баталж, мөрдөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
Мөн хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах үндэслэл болох, түүнчлэн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн Улсын Их Хурлын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоохоор төсөлд тусгажээ. Тусгайлсан дэгээр зохицуулж буй зарим тогтоолын төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах дэгтэй ижил зохицуулах, түүнчлэн Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн явцад гишүүн өөрийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаа татан авах боломжтой байхаар зохицуулав гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Түүнчлэн Байнгын хороо хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг илүү ажил хэрэгч, үр дүнтэй зохион байгуулах, мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн нээлттэй болон хаалттай явуулахаар, шаардлагатай тохиолдолд Ерөнхий сайдын мэдээллийг түүний томилсон Засгийн газрын гишүүн хийхээр, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар санал хурааж, дүнг танилцуулснаар холбогдох тогтоолын төслийг баталсанд тооцохоор, Үндсэн хуульд нийцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэхгүй байх зохицуулалтыг төсөлд тус тус тусгажээ.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Улсын Их Хурлын үйл ажиллагааг зохицуулж буй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталж, дагаж мөрдөж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг хэрэглэх явцад зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах практик хэрэгцээ, шаардлага үүссэн гэж үзэн хууль санаачлагч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайдын мэдээллийг нэгдсэн хуралдаанд гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд зөвхөн Ерөнхий сайд мэдээлэл хийдэг байх, хэлэлцэж буй асуудлын ач холбогдлыг харгалзан гишүүний асуулт асуух, үг хэлэх хугацаатай холбоотой хуралдаан даргалагчийн эрхийг нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах мэтгэлцээний зохицуулалтыг тодруулах, Улсын Их Хурлын гишүүний хариуцлагын хувьд хуралдаанд оролцох эрхийг хасах бус санал хураалтад оролцох эрхийг хасах байдлаар зохицуулах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хуралдааныг үр дүнтэй явуулах үүднээс гишүүний асуулт асуух хугацааг багасгаж, нэмэлт асуулт асуух хугацааг нэмэгдүүлэх нь ач холбогдолтой талаар, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан зөвхөн Улсын Их Хурал дахь цөөнхийн гишуүдээс тавьсан асуултад хариулахаас гадна бусад гишүүд асуулт асууж, хариулт авдаг байх талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Улсын Их Хурал дэгээ өөрөө тогтоодог байх нь зүйтэй бөгөөд дотоод зохион байгуулалтын асуудал хариуцсан Байнгын хороотой байх нь ач холбогдолтой талаар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх зохицуулалтыг илүү боловсронгуй болгох талаар асуулт асууж, үг хэлсэн болно. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдлаа.
Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүдэд хариуцлага тооцох заалт нь аль ч улсын парламентын хуралдааны дэгийн хуульд байдаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 2007, 2010 оны хуульд ч гишүүдэд хариуцлага хүлээлгэх заалт байсан. Харин тэрхүү зохицуулалт нь хэтэрхий хатуу байсныг илүү уян хатан болгох зохицуулалт хийсэн гэж ойлгох хэрэгтэй гэдгийг төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хариултдаа онцлов. Түүнчлэн тэрбээр Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотой заалтад зайлшгүй тохиолдолд салбар хариуцсан сайд нь илүү мэдээлэл өгөх болов уу гэж бодон уян хатан зохицуулалтыг тусгасан. Гэхдээ анхны хэлэлцүүлгийн үеэр та бүхэн шийдвэрлэх бололцоотой гэж байлаа. Төсөл санаачлагч гишүүн Т.Аюурсайхан, “Хуралдааны дэг зөрчвөл ямар хариуцлага хүлээх талаар өмнөх хуулиудад байсан заалт. Бусад улсуудын парламентад ямар зохицуулалттай байдаг талаар Парламентын судалгааны хүрээлэн судалгаа хийсэн, үүнтэй танилцаж болно. Хуулийн төсөлд гишүүдийн хариуцлагыг шат дараатай болгож, сануулаад, үг хэлэх эрхийг нь хасах гэх мэтээр шат дараатай болгож гаргалгаатай, зөөллөсөн гэсэн нэмэлт тайлбарыг хийв.
Үг хэлсэн гишүүдийн зүгээс гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд зөвхөн Ерөнхий сайд мэдээлэл хийдэг байх, хуралдааны цагийг хойшлуулах шаардлагагүй, Үндсэн хуулийн цэцээс Улсын Их Хурал Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан ч гишүүдийн асуулт, хариулт авах эрхийг хасаж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 53,4 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.