Ардын намыг татан буулгая
АН хэрвээ амьтай голтой байсан бол МАН-ын Бага хурал өндөрлөнгүүт гишүүдийнх нь хэлсэн үг нэг бүрийг баримтжуулаад “Төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авсан” хэргээр шүүхэд өгч, Ардын намыг татан буулгах шаардлага тавих ёстой байлаа. Гэвч тэгсэнгүй. Зодолдож байгаа хоёрын аль талд нь орвол ашигтай тухай бодлого бодож, “яс” горьдсоор суугаад боломжоо алдлаа л даа.
Лхагва гаригийн өглөө эхэлсэн МАН-ын Бага хурал шөнө дөл өнгөрөөж дууссан ч дотоод асуудлаа шийдэж чадсангүй. Ер нь яг ямар зорилгоор Бага хурал зарласан болохыг ч олон хүн ойлгож чадсангүй. Хажуунаас нь харвал хэн нь илүү “ухах” вэ гэдэг уралдаан болсон бололтой юм. Үр дүнд нь УИХ-ын гишүүд бүгд ЖДҮ-чин, Бага хурлын гишүүд бүгдээрээ 60 тэрбумынхан гэдэг дүгнэлтэд олон нийт хүрэв. Гэхдээ хариуцлагыг ганц хүний “нуруунд” үүрүүлэхээр олноороо шийдсэн нь жаахан асуудалтай.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Бага хурал дээр үг хэлсэн бичлэг нийтэд цацагдсан. Тэр УИХ-ын дарга М.Энхболдод “Баттулга гэдэг хүнийг та л өөрөө ял аваад явах гэж байхад нь өршөөж, Бадамжунайг Сингапур луу явуулж, өөрөө захиалж нэр дэвшүүлсэн шүү дээ. Сингапурын уулзалтын талаар би хүний нэр хэлж байгаагүй. Харин одоо телевизийн камер байхгүй учраас хэлчихье. Тийм зүйл болсон.
Та хуулийн байгууллагатай холбоогүй гэж байна. Холбоотой чинь үнээн. АТГ-ын дарга Энхжаргал гэдэг хүн “Хэрвээ миний асуудлаар оролдох юм бол гурав байсан зүйлийг 30 болгоно шүү” гэж хэлсэн нь үнэн. НАМЗХ-ны хурал болсон, зохион байгуулсан хүн нь та. Тэр үед Элбэгдорж Ерөнхийлөгчийн зөвлөх нь ирээд бид нартай, манай зарим залуучуудтай уулзаад явсан. Энийг чинь л МАНАН гээд байгаа байхгүй юу. Би ойлгодоггүй байсан байна лээ, буруу ойлгосон байна лээ. Үе тэнгийнхээ найзуудаас уучлал гуйя. АН, МАН хамтарч Засгийн газар байгуулахыг МАНАН гэдэггүй юм байна” гэсэн.
Нэгдүгээрт, төмөр замын 280 сая долларын хэргийг сая “ёолох” далимдуулаад хаачихсан дуулдсан, үнэн болов уу? Тийм бол М.Энхболд гэдэг хүн үүнтэй холбоотой байх нь.
Хоёрдугаарт, хэрвээ М.Энхболд Х.Баттулгыг захиалж нэр дэвшүүлсэн байгаад Х.Баттулга нь түүнд хэвтээд өгчихсөн бол Л.Оюун-Эрдэнэ гишүүн тэр үед буруу ойлгоод Ц.Элбэгдоржийн зөвлөхтэй уулзуулсан намынхаа найзуудаас өнөөдөр уучлал гуйгаад зогсч байх байсан болов уу? М.Энхболд хэрвээ ялсан бол Л.Оюун-Эрдэнэ хэний эсрэг тэмцэх байсан бол?
Аль ч тохиолдолд шоронд орох гэж байсан хүн амиа аврахын тулд Ерөнхийлөгчид дэвшиж байхад андуураад сонгочихсон ард түмэн л хөөрхий. Үүний дэргэд 280 сая доллар юу юм бэ. Тэмээн дээр ямааны гарз л юм даа.
Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хэлсэн бас нэг үг бий. “ЖДҮ-тэй тэмцэнэ, тэмцэнэ л гэх юм. ЖДҮ-тэй холбогдоод байгаа хорь гаруй хүн чинь бүгд УИХ-ын гишүүд шүү. УИХ-ын гишүүдтэйгээ тэмцдэг УИХ-ын дарга байдаг юм уу?” гэж. М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулчихвал ЖДҮ-тэй холбогдсон гишүүд бүгд өршөөгдөх нь л дээ. Ингэхэд Ц.Нямдорж нь У.Хүрэлсүхийгээ дэмжээд байна уу, дэвсээд байна уу? Хоёр үзүүртэй зүү, зүү.
Ямартай ч өглөөнөөс шөнө дөл болтол хуралдсан МАН-ын Бага хурал эхнээсээ эцсээ хүртлээ “МАН бол ЖДҮ юм, 60 тэрбумын сүлжээ ч юм” гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. М.Энхболдыгоо УИХ-ын даргаас огцруулахын тулд М.Энхболдынхоо эсрэг гаргаж тавьсан зүйлийн зах зух л энэ шүү дээ. М.Энхболдынхон нь Засгийн газрынхаа эсрэг бас юу дэлгэснийг хэн мэдлээ. Өчигдөр лав Бага хурал сурвалжилсан сэтгүүлчид “Зөвхөн нэг талын баримт гаргаж өгсөн. У.Хүрэлсүхийн талаар мэдээлэл өсөнгүй” гэж зохион байгуулагчдыг нь буруутгасан байна лээ.
АН хэрвээ сөрөг хүчин мөн бол МАН-ын Бага хурал дээр гишүүдийн хэлсэн үг нэг бүрийг баримтжуулаад “Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авсан” хэргээр (Улс төрийн намын тухай хуулийн 23.2) Улсын дээд шүүхэд өгч, МАН-ыг татан буулгах асуудлыг тавих боломж байлаа. АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар УИХ-ын даргыг хуульд заагаагүй үндэслэлээр огцруулна гэхийнхээ оронд хуулийн заалтаа бариад МАН-ыг татан буулгах, УИХ-ыг тараах хүртэл боломж байна. Тэгвэл жинхэнээсээ 60 тэрбумын УИХ, ЖДҮ-чдийн Засгийн газартай хариуцлага тооцсон явдал болно. МАН эрх барьж байгаа үед энэ үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг нь тодорхой болчихлоо шүү дээ.
УИХ-ын гишүүн асан С.Ламбаа сүүлд өгсөн ярилцлагадаа “МАН(МАХН) улс орны хөгжилд үргэлж бул хар чулуу болж ирсэн. Энэ бул хар чулууг бид биш, тэд өөрсдөө л түлхэж унагахаас өөр ямар ч боломжгүй байсан. Тэр цаг нь өнөөдөр болж байна” гэсэн байна лээ. Одоо хэн нэг нь хуруугаа хөдөлгөхөд л дуусах ажил.
Б.Сэмүүн