Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг хойшлогдлоо
МИАТ ТӨХК-ийн өнөөдрийн /2020.09.03/ тусгай үүргийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-7302 дугаартай нислэг цаг агаарын /Maysak далайн хар салхи/ шалтгааны улмаас хойшлогджээ.
Майсак (Maysak) далайн шуурга 370 км тойрог үүсгэн, 30-50 метр секундийн хурдтайгаар Чежү, Өмнөд, Умард Кёнсан болон Гангвон мужийг дайран умрыг чиглэж буйг БНСУ-ын Ус цаг уурын албан(УЦУА)-аас мэдээлсэн байна.
УЦУА энэ жилийн 9 дэх удаагийн далайн шуурга нь өнгөрсөн долоо хоногт Солонгосын хойгийн баруун эргийн дагуу өнгөрсөн "Бави" далайн шуурганаас хүчтэй, 2003 онд тус улсад бүртгэгдсэн их хэмжээний хохирол учруулсан "Маеми" далайн шуургатай ижил төстэй байж болзошгүйг иргэддээ сануулж, сэрэмжтэй байхыг зөвлөв.
Иймд БНСУ-ын дээр дурдсан муж, нутагт түр хугацаагаар оршин суугаа Монгол иргэд энэ өдрүүдэд байгалийн гэнэтийн аюул осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, далайн эрэг, уулаар аялахгүй, зайлшгүй шаардлагагүй бол гадуур зорчихгүй байхыг Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консулын газраас анхаарууллаа.
Тэгвэл энэхүү нөхцөл байдлаас үүдэн хойшлогдсон нислэгийн бүртгэл 18:00 цагт эхэлж, 22:00 цагт онгоц хөөрөхөөр болсон гэдгийг Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдэгдлээ.
Тус онгоц нь 265 иргэнээ эх оронд нь авчрахаар өнөөдөр өглөө 08:40 цагт Улаанбаатараас хөөрч, 17:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байсан юм.
Тус онгоц нь 265 иргэнээ эх оронд нь авчрахаар өнөөдөр өглөө 08:40 цагт Улаанбаатараас хөөрч, 17:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байсан юм.