Сөүлд халдвар авсан монголчуудтай харилцаанд орсон иргэд, маршрутыг судалж байна
БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж байсан Монгол Улсын таван иргэн болон тэдгээртэй харилцаанд орсон гурван иргэн нийт найман иргэн коронавирусын /covid19/ халдвар авсан болох нь наймдугаар сарын 26-ны өдөр тогтоогдсон байна. Иргэдийн биеийн байдал хэвийн, холбогдох байгууллагын туслалцаа дэмжлэгийг авч байгаа аж.
Эдгээр иргэдтэй харилцаанд орсон иргэд, маршрутыг суугаа орны холбогдох байгууллагаас тодруулан ажиллаж байгаа ба халдвар авсан нэг иргэн энэ сарын 12-ны өдрийн үдээс хойш Консулын хэлтсээр үйлчлүүлжээ. Тиймээс тус өдөр Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөлөө.
Манай иргэд хамгийн ихээр оршин суудаг Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт коронавирусын дэгдэлт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байгаа юм.
Иймд БНСУ-ын Засгийн газраас гаргасан журмын дагуу бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, хөдөлгөөнөө хязгаарлах, хувийн зай барих зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чанд хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс хүслээ.
Мөн ГХ-ийн Н.Энхтайван энэ талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлэхдээ "Сөүлд хүнсний үйлдвэрт ажиллаж байсан манай 5 иргэн болон тэдэнтэй харилцаанд орсон 3 иргэн нийт 8 хүн коронавирусын халдвар авсан болох нь 8 сарын 26-нд тогтоогдсон байна. Үүнээс 1 нь 12-нд Консулын хэлтэст ирсэн байна. Консулын ажилтнуудыг шинжилгээнд хамруулна" гэлээ.