Хүн төрөлхтөн ядууралд ялагдсан уу
Дэлхийн хэмжээнд ядуурал буурсан гэж мэргэжилтнүүд үздэг. Дэлхийн банкны тооцоолсноор өдөрт 1.9 ам.доллароос бага өртгөөр амьдардаг бол туйлын ядуу гэсэн ойлголтод багтана. Гэвч Дэлхийн банкнаас тооцоолон гаргасан “туйлын ядуу” гэх ойлголтод үндэслэн “Ядуурлыг ялж байна” хэмээн дүгнэж болох уу?
Эдийн засгийн эргэлт саарч, цар тахалд дэлхийн улс орнууд хөгжлийн түвшнээсээ үл хамааран нэрвэгдэж, байгалийн гамшгийн давтамж улам нэмэгдэн, тэгш бус байдал хаанчилсан цаг үед бид амьдарч байна. Гэхдээ энэ мэт таагүй нөхцөл байдлаас гадна хүн төрөлхтөнд бахархах зүйл бас бий. Сүүлийн 10 жилийн хугацаанд тэрбум орчим хүн туйлын ядуу амьдралаас салж, хэдэн зуунаар бидэнд шившгийн пайз зүүсээр ирсэн ядуурал хэмээх ойлголтоос салах цаг айсуйг санууллаа. “Ядуурлын түвшин өмнө нь хэзээ ч байгаагүйгээр буурсан. Энэ бол энэ цаг үеийн гайхамшигт ололтуудын нэг” гэж Дэлхийн банкны Ерөнхийлөгч асан Жим Ён Ким мэдэгдсэн билээ.
Гэвч үнэн хэрэгтээ үгүй ч байж мэднэ. Австралийн эрдэмтэн, НҮБ-ын ядуурал, хүний эрхийн асуудлаарх тусгай илтгэгч,судлаач Филип Алстон хүн төрөлхтөн ядууралд зарласан дайнд хэдийн ялагдсан гэж үзэж байна. 20 жилийн өмнөхөөс ч олон хүн өдгөө ядуу амьдарч байна гэж тэрбээр мэдэгджээ. “Ядууралтай тэмцэхэд бид 10 жилийг зарцуулсан. Гэвч харамсалтай нь ялагдсан” гэж Филип Алстон саяхан тавьсан илтгэлдээ онцоллоо.
Алстон, Ким хоёрын алиных нь зөв бэ? Тоо баримт, статистик судалгаанд итгэвэл 1990 оноос өнөөг хүртэл туйлын ядуурлын түвшин 36 хувиар буурч, ядуусын тоо хоёр тэрбумаас 700 сая хүртлээ цөөрчээ.
Харин Филип Алстоны үзэж буйгаар 1.9 ам.доллароос бага өртгөөр амьдарч буй иргэдийн тоо цөөрсөн байж болох ч ядуусын амьдралын чанар бүр дордсон гэнэ. Хөгжил буурай олон оронд 1.9 ам.доллароор атга гурил, хэдхэн жимс, хэдэн грамм ургамлын тос л худалдан авах боломжтой. Боловсрол, эмнэлгийн үйлчилгээ, орон сууц, нийтийн тээвэрт зарцуулах мөнгө тэдэнд үгүй. Ядаж нэг үнээ худалдаж авах, үгүй бол мотоцикльтой болох талаар тэд мөрөөдөж ч зүрхлэхгүй. Тэгэхээр хоногийн 1.9 ам.доллар гэдэг үнэндээ туйлын ядуурлын түвшин тогтоох хэмжүүр биш, харин хүмүүс энэ түвшнээс ч доогуур амьдарч буйг харуулж байна гэж тэрбээр онцолж байна. Дэлхийн банкны тооцоолон гаргасан хэмжүүр үнэндээ ядуусын амьдралын түвшинг бодитоор илэрхийлж чадахгүй байгаа тул энэ тоо баримтад үндэслэн ядуусын тоо буурсан гэж ярих нь зүй бус гэж Алстон онцолжээ. Улс орнуудын хөгжил, эдийн засгийн үзүүлэлт, газар зүйн байршил, иргэдийн дундаж орлого зэрэг олон хүчин зүйлээс хамааран өдөрт 1.9 ам.доллароос бага өртгөөр амьдрах нөхцөл улс орон бүрт эрс ялгаатайг тэрбээр өгүүлж байна.
Ядуурлын дараачийн түвшин буюу харьцангуй ядуу гэх ангилалд өдөрт 3.2-5.5 ам.доллароос бага өртгөөр амьдарч буй хүмүүс багтана. Дэлхийн хүн амын бараг тал хувь нь энэ түвшинд ордог. Эдийн засагч, эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар туйлын ядуугаас харьцангуй ядуу гэх ангилал руу ахиж буй нь үнэн хэрэгтээ өлсгөлөнд нэрвэгдэх, биеийн өсөлт зогсох, эрт нас барах зэрэг ядуурлаас үүдэлтэй аймшигт үр дагавраас “аврагдана” гэсэн үг биш. Тэгэхээр бодит байдалд ядуурал буурсан уу гэдгийг зөвхөн тоон үзүүлэлт, хэрэглээний сагсаар хэмжиж болохгүй гэсэн үг.
Тоон үзүүлэлтэд үндэслэн “Ядуурал буурсан” гэж мэдэгдэж буй нь бодит ядууралтай тэмцэх, хүний эрхийг хамгаалах, нийгмийн тэгш бус байдлыг багасгахад саад болж байна гэж тэрбээр НҮБ-д тавьсан илтгэлдээ өгүүлжээ.
Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч улс орнуудын удирдагчид, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагууд, институцууд 5.5 ам.доллароос бага хэрэглээтэй хүмүүст анхаарлаа хандуулбал нярайн эндэгдэл буурах, эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээ сайжрах, өлсгөлөнд нэрвэгдэх явдал багасах зэрэг эерэг үзүүлэлт гарна. Үүгээр л хүн төрөлхтөн ядууралтай хэрхэн тэмцэж буйгаа баримжаалж болох юм.
Эх сурвалж: The Atlantic