Дархлагдсан даргын цаана ХЭН БАЙНА ВЭ?!

Дархлагдсан даргын цаана ХЭН БАЙНА ВЭ?!
Найм дахь удаагийн парламентад хэн гэдэг аавын хүү, ээжийн охин сонгогдож, эрх мэдлийн суудалд мөр зэрэгцэн суух нь зөвхөн цаг хугацааны л асуудал болжээ. Тэрхүү эрх мэдлийн суудлын төлөө улс төрийн 13 нам, дөрвөн эвслийн нэр дэвшигдээс гадна 121 бие даагч өрсөлдөж байна. Тэднээс төө илүү эрх мэдэлтэй нь Сонгуулийн ерөнхий хороо юм. Харин тэр байгууллагыг Ц.Содномцэрэн дарга 11 жил толгойлж байна.
Тэгвэл сонгуулийг хуулийн хүрээнд шударга зохион байгуулах үүрэг бүхий Сонгуулийн ерөнхий хороо, түүнийг удирдаж байгаа нөхөд хууль зөрчсөн нь эхнээсээ ил боллоо. Өөрөөр хэлбэл, Ц.Содномцэрэнгийн толгойлдог эл байгууллага эрх мэдлээ ашиглаж хууль зөрчсөн нь хэд, хэдэн баримтаас харагдаж байна. Ингэж хардах ч шалтгаан байна.   
Хэрэв уншигчид санаж байгаа бол Сонгуулийн ерөнхий хороог хууль зөрчсөн гэх үндэслэлээр МАХН-ын дарга Н.Энхбаяраас эхлээд НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, эдийн засагч Л.Наранбаатар зэрэг горилогчид шүүхэд өгсөн байдаг. Учир нь, Сонгуулийн ерөнхий хорооноос эрх мэдлийнхээ хүрээнд тэдний нэр дэвших эрхийг  хязгаарласан юм. Тэгвэл эхнээсээ шүүхийн шийдвэр гарч эхэллээ. Нөгөө талаараа Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчиж, нэр дэвшигчдийн эрхийг хязгаарласан нь ил болж эхлэв бололтой.  
Жишээ нь, шүүхээс саяхан НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргийг эцэслэжээ. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Сонгуулийн ерөнхий хороог хууль зөрчсөн гэдгийг нь давхар хэлээд өгөх шиг боллоо.
Учир нь, Ц.Сандуйгийн нэхэмжлэлтэй “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ц.Сандуйг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр хүлээж авчээ. Хамгийн сонирхолтой нь, шүүх бүрэлдэхүүн Ц.Сандуйгийн нэр дэвших эрхийг сэргээсэн явдал юм. Энэ нь Сонгуулийн ерөнхий хороог хууль зөрчиж, нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн Ц.Сандуйгийн эрхийг хязгаарласан гэдгийг харуулж байна. 
Түүнчлэн нэр дэвших эрхээ хязгаарлуулсан Д.Алтанхуяг, Н.Баярмаа нарын хүсэлтийг шүүх хангаж, Сонгуулийн ерөнхий хороог мөн л хууль зөрчиж тэдний нэр дэвших эрхийг нь хязгаарласан гэдгийг тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, Д.Алтанхуягийн “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 86 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх бүрэлдэхүүн энэ сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол бие дааж нэр дэвшигч Н.Баярмаагийн “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны тавдугаар сарын 22-ны өдрийн Н.Баярмааг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 73 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,  Н.Баярмааг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг зөвшөөрөх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Энэ бүхнээс харахад Ц.Содномцэрэнгийн 11 жил толгойлж байгаа Сонгуулийн ерөнхий хороо мэдсээр байж хууль зөрчиж, шийдвэр гаргасан болох нь. Нөгөө талаараа хэн нэгэн нөлөө бүхий эрх мэдэлтний эрх ашгийн төлөө "хөдөлж", утсан хүүхэлдэйн үүрэг гүйцэтгэсэн гэж ч хардаж болохоор байна.
Энэ байгууллагыг 11 жил толгойлж байгаа дархлагдсан даргын цаана хэн байна вэ гэх асуулт эрхгүй хариулт нэхэж эхлэв бололтой. Одоо дээрх нөхөдтэй ижил нэр дэвших эрхээ хязгаарлуулсан МАХН-ын дарга Н.Энхбаяр, эдийн засагч Л.Наранбаатар нарын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргийн шүүх хурал хүлээгдэж байна. Эдийн засагч Л.Наранбаатарын гомдлыг маргааш /2020.06.16/ хэлэлцэх бол МАХН-ын дарга Н.Энхбаярын гомдлыг ирэх баасан /2020.06.19/ гарагт хэлэлцэх билээ. 

Б.Төрбат
Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0