АН-ын хаяа бараадсан С.Жавхлангийн орон сууц нэгээр нэмэгдэж, жилийн орлого нь өсчээ
Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж их хуралд гарч ирсэн С.Жавхлан өнөө жилийн сонгуулиараа төрсөн нутаг руугаа “хөөгдсөн” билээ. Тодруулбал, дөрвөн жил бие даагчийн сэтэртэй явсан тэрбээр ганц хүн айл болохгүй ганц мод гал болохгүй гэгчээр нэр дэвшигчдийн нэрс тодрохтой зэрэгцэн намын хаяа бараадаж АН-ын гишүүн болсон юм. Увс аймагтаа намын хоёр гишүүнтэйгээ нэр дэвших эрхээ олж авсан байдаг. Тэгвэл төрсөн нутгаа зорьсон дуучин, УИХ-ын гишүүн С.Жавхлан хэр бэл бэнчинтэй вэ гэдгийг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харъя. Гишүүн С.Жавхлангийн жилийн 70 гаруй сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн орлого гэж бараг байхгүй. 2018 онд жилийн орлого нь 22 сая төгрөг байсан бол энэ жил 70 сая төгрөг болтлоо өсчээ. Хоёр орон сууц, нэг гэртэй. Эдгээр нь 816 сая төгрөгийн үнэлгээтэй. Өнгөрсөн 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэг орон сууц, нэг гэртэй гэж мэдүүлж байсан бол өнөө жил орон сууц нь нэгээр нэмэгдэж хоёр болжээ. Мөн 245 сая төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai Santa Fe, Nissan Patrol маркийн машинтай. Мөн 127 сая төгрөгийн үнэлгээ бүхий 40 адуу, 70 үхэр, 300 хоньтой. Хонь нь нэг жилийн хугацаанд 100-гаар нэмэгджээ. Түүнчлэн 55 сая төгрөгийн үнэт эдлэл, дотоодын дансандаа 66 сая төгрөгийн хадгаламжтай. “Монголоороо сэрэхүй” ТББ, “Бүрэн Монголоороо” ХХК-иуадаас хувь эзэмшдэг ажээ. Харин өнгөрсөн 2018 оны мэдүүлэгт эхнэр Г.Эрдэнэчимэгийн хувьд 38 сая төгрөгийн жилийн орлого олсон талаар мэдүүлж байжээ.
Эх сурвалж: asu.mn