Шинэ хууль батлагдвал Америк цагдаа нар хүний хоолойг боох эрхгүй болно

Шинэ хууль батлагдвал Америк цагдаа нар хүний хоолойг боох эрхгүй болно
Жорж Флоидын аллагатай холбоотой арьс өнгөний үзлийн эсрэг, цагдаагийн харгислалын эсрэг тэмцэл Америк даяар хоёр долоо хоног орчим хугацаанд үргэлжилж байна. Даваа гарагт АНУ-ын конгресс дахь Ардчилсан Намын төлөөлөл цагдаагийн байгууллагыг шинэчлэх хуулийн төсөл боловсруулснаа зарлажээ. Энэ үеэр конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси тэргүүтэй Ардчилсан Намын хууль тогтоогчид найман минут, 46 секундын турш өвдөг сөгдөн дуугаа хурааж, цагдаагийн гарт амь үрэгдсэн Жорж Флоидын дурсгалыг хүндэтгэжээ.
Энэ нь талийгаачийн хүзүүг цагдаагийн офицер Дерек Човин өвдөглөж дарсан хугацаа юм. “Justice in Policing Act of 2020” нэртэй хуулийн төсөлд цагдаа нар сэжигтний хоолойг боох техник хэрэглэхийг хориглох, цагдаагийн гаргасан зөрчлийг бүртгэлжүүлж, нээлттэй болгох, арьс өнгө, угсаа гарал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах үзлийн талаар сургалтад цагдаа нарыг заавал хамруулах, цагдаагийн бие болон автомашиныг камержуулах, линчийн шүүхийн хохирогч болсон иргэдийг хамгаалах механизмыг холбооны хэмжээнд бий болгох зэрэг арга хэмжээнүүд багтжээ. 
Мөн мужуудын ерөнхий прокуроруудад цагдаагийн ёс бус үйлдлийг мөрдөн шалгах тусгай эрх олгохоор болсон байна. Хуулийн төслийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден зэрэг Ардчилсан Намын нэр хүндтэй улс төрчид дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Харин Бүгд Найрамдахчууд олонх болдог сенатын танхим уг хуулийг дэмжих эсэх нь одоогоор эргэлзээтэй байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүтэй зарим Бүгд Найрамдах намын улстөрчид цагдаагийн байгууллагыг хүчгүй болгох хэт радикал өөрчлөлт санаачилж байна гэж Ардчилсан Намынхныг шүүмжилжээ. 

Э.Сэмүүн 
Эх сурвалж: Business Insider
скачать dle 12.0