У.Хүрэлсүхийн Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт илгээсэн залуус юу ярив

У.Хүрэлсүхийн Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт илгээсэн залуус юу ярив



Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Х.Булгантуяа, Гавьяат эмч Ж.Чинбүрэн, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар сонгуулийн сурталчилгааны найм дахь өдөртөө иргэд сонгогчидтойгоо уулзаж байна.

Өнөөдөр гурван нэр дэвшигч өглөөнөөс эхлэн автобусны буудлаар явж иргэдтэй уулзаж, мөн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэдийн цөөхөн төлөөлөлтэй уулзлаа. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт гурван өөр салбарын хүнийг баг болгон илгээжээ. Угтаа энэ гурав бие биенийхээ дутууг нөхөж дундуурыг дүүргэн ажиллах учиртай нэг багийнхан. Гавьяат эмч Ж.Чинбүрэн эмчийн халатаа тайлж улс төрд орж ирсэн шалтгаан нь улсын болон дүүргийн эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт хийх, МАН-ын нэг гол хөтөлбөр болох “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг чиглүүлж, иргэдээ хорт хавдраас салгах чиглэлд бодлогын түвшинд ажиллах явдал. Харин Сангийн Дэд сайд Х.Булгантуяа орон сууц, дэд бүтэц зэрэг дүүргийн хөгжил дэвшлийн төлөө санхүүжилт татах, олон улсын төсөл хөтөлбөрийг дүүрэгтээ татан төвлөрүүлэх үүрэг даалгавар авчээ. Тэд сонгогчидтойгоо уулзахдаа юу ярьсныг уншигч танд тоймлон хүргэе.

Х.Булгантуяа: Хамтдаа зөвхөн ажил хийе

/Монгол Улсын Сангийн Дэд сайд, Нэр дэвшигч/

-Өнөөдөр бид найм дахь өдрөө дүүргийнхээ иргэдтэй уулзлаа. Иргэдийн ярьж байгаа ганцхан зүйл нь хогоо ачуулах. Хөгжил дэвшлээс өмнө биднийг хогноос салгаж өгөөч гэж гуйж байна. Би энэ дүүрэгтээ ажил амьдралаа холбож явсны хувьд, хүүхэд насаа өнгөрүүлж, сүү зарж дэгдэж явсан дэнжээ өөрчлөхийг хүсч байна. Тиймээс улстөржилтгүй ажилламаар байна. Хог гэсэн жижиг асуудлыг бус дэд бүтэц, орон сууцжуулах хөтөлбөрийг хийе. Бид хангалттай их улстөржлөө. Энэ дүүрэгт амьдарч буй олон иргэд өнөөдөр дүүргийнхээ Засаг даргыг ч танихгүй байна. Аргагүй шүү дээ. Хэдэн ч удаа Засаг даргаа солив. Ийм их хүн амтай атлаа хогоо ачиж чадахгүй улстөржсөн байна шүү дээ. Одоо энэ улстөржилтийг дуусгая. Хамтдаа ажил хийе. Биднийг багаар нь сонгооч гэж хүсэж байгаа шалтгаан энэ юм. Баянзүрх дүүрэгт МАН-аас илгээсэн таван хүн гар сэтгэл нийлэн ажиллаж, өөрчлөлт хийхийг хүсэж байгаа. Бидний сонголт чухал юм шүү. Таны мөнгөөр туслах, зөвлөх, жолоочоо цалинжуулах хүмүүсийн төлөө та бүхэн саналаа өгнө. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй” гэлээ.

Э.Бат-Амгалан: Бид салбар, салбараа бүрэн мэднэ

/НИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, нэр дэвшигч/

-Ямар гурван хүн биднийг төлөөлье гэж яриад явна вэ гэж та бүхэн асууж мэднэ. Намын дарга У.Хүрэлсүх намаас нэр дэвшигчдийг сонгохдоо гурван шалгуур тавьсан юм. Нэгдүгээрт, ёсзүйтэй, шударга хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн. Ямар нэг асуудал, авлига, албан тушаал, ЖДҮ болон 60 тэрбумын хэрэгт холбоогүй байх ёстой гэсэн. Бид гурав энэ шалгуурыг хангаж байгаа. Гудамжаар яваад иргэдтэй уулзаж байхад айж, ичих зүйл алга. Хоёрдугаарт, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуу хүн байхыг хүссэн. Бид гурвуулаа эргээд энэ дүүрэгт ирэх нүүртэй байж чадна. Хийж чадна гэсэн хүсэл эрмэлзэл бидэнд байна. Би долдугаар хорооны микрод төрж өссөн, өнөөдрийг хүртэл дүүрэгтээ ажиллаж хөдөлмөрлөж байна. Төрийн албаны мерит зарчмаар явж буйн хувьд салбараа сайн мэдэж байгаа. Эргэж ирэх нүүртэй байхын тулд залуу хүний эрч хүчээр ажиллах болно. Гуравдугаарт, салбар, салбарын тэргүүн байх ёстой гэдгийг намын дарга шаардсан. Бид салбар, салбараа бүрэн мэднэ. Сонгогч та бүхэнд ийм гурван хүнийг илгээсэн юм шүү. Тийм учраас багаар нь сонгож өгөөч гэж хүсч байгаа юм.  

Ж.Чинбүрэн: Урьдчилан сэргийлж болох өвчнөөр монгол хүнээ алдсаар байх уу

/Гавьяат эмч, Нэр дэвшигч/

-Би 23 жил Халдвар судлалын үндэсний төвд ажилласан. Хамтран нэр дэвшиж байгаа хоёр залуугаараа бахархаж байгаа. Салбар, салбартаа шилдэг нь болсон эрдэм мэдлэгтэй хоёр залуу байна. Бид найм дахь өдрөө сонгуулийн уулзалт хийгээд явж байна. Баянзүрх дүүргийн хамгийн алслагдсан хороодоос эхэлж, өнөөдрөөс хотын төв рүү дөхөж байна. Ард иргэдийн хүсэл санал, ажил амьдралыг сонслоо. Ж. Чинбүрэн миний бие цагаан халатаа тайлаад Их хурлын сонгуульд өрсөлдсөн шалтгаан нь монгол хүнээ эрүүл байлгах зорилго юм.

Оны өмнөхөн МАН-ын дарга У.Хүрэлсүх надтай уулзаад “Би салбар бүрийн хүмүүсийг нэр дэвшүүлэхийг хүсэж байна. Та надтай баг болон ажиллаж, эрүүл мэндийн салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй байна” гэж хүссэн. Тиймээс би бодлогын түвшинд ажиллаж, өөрчлөлт шинэчлэлт хийх ёстой юм байна гэж бодож улс төрд орлоо. Монголчууд бид цөөхүүлээ. Гэхдээ хоёр том хөршид маань өвчин гарсан ч бид дотооддоо алдахгүй явлаа. Гэхдээ жилдээ бид олон олон монгол иргэнээ зүрх судас, харвалт, элэгний өвчнөөр алдаж байна. Монголчууд бид урьдчилан сэргийлж, эдгээж болох өвчнөөр монголчуудаа алдаж цөөрсөөр байх уу. МАН-ын мөрийн хөтөлбөрт хүн амаа, иргэдээ өсгөх бодлого багтсан. Хүүхэд нь гурван нас хүртэл эхчүүдэд тэтгэмж өгөхөөр тусгасан. Нэг үгээр хэлбэл, “Цалинтай ээж” хөтөлбөр үргэлжлээд явна. Хавтгайрсан халамжийн бодлого биш үү гэж асууж байна. Тийм биш ээ, энэ бол хөрөнгө оруулалт. Ирээдүйн монгол иргэдийг эрүүл өвчингүй өсгөхөд зориулсан хөрөнгө оруулалт юм. Энэ бол гэмтэж осолдохоос, хоол тэжээлийн дутагдалд орохоос сэргийлэх боломж юм. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо зөв явсан цагт өвчнөөсөө урьдчилсан сэргийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог бууруулж, эрүүл монгол иргэнээ хамгаалах боломжтой болох юм. Даатгалын хөнгөлөлттэй эм авах гэж очерлохгүй, дуртай үедээ авчихдаг, эмнэлэгт үзүүлэх гэж сараар хүлээдэггүй, түргэн тусламж нь түргэн хүрдэг эрүүл мэндийн салбарын төлөө хүчээ нэтгэцгээе.

…22 дугаар хорооны иргэдийн төлөөлөл ч гурван нэр дэвшигчээ багаар нь дэмжихээ илэрхийлж, тулгамдаж буй олон асуудлаа дуулгав. Гэвч тэддүгээр хороог тэгж өөрчилнө гэсэн мөрийн хөтөлбөрийн хүрээнд асуудлаа шийдэхээс бус энд амлалт өгч чадахгүйг хэлж байлаа. Уулзалт өдгөө Эрүүл мэндийн 10 дугаар төв болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах уулзалтаар үргэлжилж байна. 

Нэр дэвшигч Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нарын сонгуулийн штабаас бэлтгэв. 

 



скачать dle 12.0