Монгол Улсын нэг иргэн 28.3 сая төгрөгийн өртэй болжээ

Өр зээлийн дарамтаас иргэдээ гаргана гэж амласан эрх баригчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин их өр “үйлдвэрлчихээд” дахин эрх барихаар улайрч байгаа нь харамсалтай. Монгол Улсын эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшиж, төгрөгтэй харьцах ам.долларын ханш түүхэн дээд түвшинд хүрээд зогсохгүй ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш суларсаар байвал гадаад өрийн хэмжээ тэлсээр байна гэсэн үг. Монгол Улс төсвийн орлогынхоо 50 хувийг зээл, зээлийн хүүд төлж байсан бол энэ хэмжээ 70 хувь руу дөхлөө. Хөрөнгө оруулалт шинээр гаднаас татах бус харин ч эсрэгээрээ байсан хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Гадаад өрийн эргэн төлөлт ойртсоор байгаа нь өр зээл улам нэмэгдэх томоохон эрсдэлд тооцогдож байна. Манай улс ирэх 4-5 жилд нийт 15 тэрбум ам.долларын гадаад өр болон түүний хүү төлөх ёстой. Энэ нь гадаад валютын албан нөөцийн одоогийн хэмжээнээс гурав дахин давсан өндөр үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, бидний байгаа нөөц боломж энэ их өрийн хаана нь ч хүрэхээргүй бага. Сангийн сайд гадаад өрийн дарамт буурсан гэх боловч эцсийн дүндээ дээрх байдлаар огцом өсжээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” энэ сараар дуусгавар болж байгаа тул шинээр хөрөнгө оруулалт орж ирэх магадлал улам буурч байна. Үүнээс гадна цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөнөөс болж хөгжиж буй орнуудаас хөрөнгө гадагшлах үзэгдэл түгээмэл байгаа нь гадаад өрийн эрсдэлийг нэмэгдүүлсээр.
Б.Мөнх-Эрдэнэ
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ