АУДИТ: Сайд нарын санхүүгээс илэрсэн зөрчлүүд
Үндэсний аудитын газраас ойрын өдрүүдэд яамдуудад шалгалт явуулж, зөвлөмж, чиглэлийг өгч ажиллажээ. Сайд нарын санхүүгийн тайланг шалгах ажил үргэлжилсээр байгаа. Энэ талаарх мэдээллийг багцлан хүргэе.
Хөдөлмөрийн сайдын багцад 18 сая төгрөгийн зөрчил илэрчээ
Үндэсний аудитын газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн тайлангаар өгсөн зөвлөмж, төлбөрийн акт, албан шаардлагыг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2018 оны хагас жилийн санхүүгийн тайланг шалгажээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа байгууллага 35, төсвийн шууд захирагч 49, тусгай шилжүүлгийн байгууллага 22, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сан 33, нийгмийн халамжийн дэд сан 31, Засгийн газрын тусгай сан 3, төрийн өмчит үйлдвэрийн газар 1, төсөл хөтөлбөр 14, нийт 186 санхүүгийн тайлан нэгтгэгдсэн байна.
Аудитаар нийт 18,920.2 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс 7,886.3 сая төгрөгийн алдааг аудитын явцад залруулга хийж, 146.2 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн 17 акт тогтоон, 1,520.6 сая төгрөгийн зөрчлийг арилгах 31 албан шаардлага, 9,367.1 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй ажиллах талаар 188 зөвлөмж өгчээ. Аудитад хамрагдсан төсвийн 12 шууд захирагч, төвлөрүүлэн захирагч 1, төрийн өмчит аж ахуйн нэгж 1, Засгийн газрын тусгай сан 3, нийт 17 байгууллагуудад нийт 2 төлбөрийн акт, 12 албан шаардлага, 54 зөвлөмжийн биeлэлтийг үнэлсэн байна.
***
Эрүүл мэндийн сайдын багцад 40 сая төгрөгийн зөрчил илэрлээ
Мөн Үндэсний аудитын газраас Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний санхүүгийн нэгтгэсэн тайлан хийжээ. Тус яамны харьяа 17, нийслэлийн эрүүл мэндийн газар түүний харьяа 22, аймгийн эрүүл мэндийн газар болон харьяа 108, тусгай зориулалтын шилжүүлгийн 22 байгууллага, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч 17 нэгж, нийт 186 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэн байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар 40,328.8 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 30,749.0 сая төгрөгийн алдааг залруулж, 187.5 сая төгрөгийн зөрчилд 58 төлбөрийн акт тогтоон, 5,125.2 сая төгрөгийн зөрчилд 56 албан шаардлага өгч, 4,266.9 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх талаар холбогдох албан тушаалтанд 242 зөвлөмж хүргүүлсэн байна. Аудитад хамрагдсан дээрх байгууллагуудаас “Хязгаарлалттай” санал дүгнэлтийг 14, “Сөрөг” санал дүгнэлтийг 1 байгууллага авчээ. Аудитын хяналтаар 18 байгууллагад 74 зөвлөмж өгөгдсөнөөс зөвлөмжийн биелэлт 88.6 хувийн хэрэгжилттэй гарсан байна.
***
Эрчим хүчний сайдын багцийг шалгажээ
Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний 2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн акт албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх үйл ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулжээ. Эл шалгалтаар багагүй зөрчил илэрсэн юм. Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний санхүүгийн нэгтгэсэн тайланд төсөвт байгууллага нэг, 1 хөрөнгө оруулалтын зардлын данс, 28 төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газар, хороо, найман төсөл, төсөл хэрэгжүүлэгч нэгж, судалгааны баг, нийт 38 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэн ажээ. Эрчим хүчний сайдын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар залруулагдсан алдаа 28.5 тэрбум, залруулагдаагүй алдаа 51.4 тэрбум, нийт 79.9 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг илрүүлжээ. Тус салбарт санхүүгийн зөрчлөөс гадна хот цахилгааны доголдолд орсон, цахилгаан станцад буусан нүүрснээс тэсэлгээний бодис илэрсэн үэх мэт дуулиан гарч байсан. Аудитын шалгалтаар 138 зөвлөмж, 293.6 сая төгрөгийн төлбөрийн акт, 20,678.4 сая төгрөгийн албан шаардлага хүргүүлсэн ба аудитад хамрагдсан 29 байгууллага “Зөрчилгүй” санал дүгнэлт авсан байна.
***
Байгаль орчны сайдын багцаас 4.614 сая төгрөгийн зөрчил илрэв
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийсэн дүнг танилцуулъя. Сайдын эрхлэх асуудлын хүрээний 94 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэн бөгөөд аудитын дүгнэлт өгсөн 72, итгэл үзүүлсэн 13, түүвэрт 9 байгууллага хамрагдсан байна. Тус салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлангийн аудитаар нийт 4,614.2 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс 3,484.5 сая төгрөгийн 105 алдааг аудитын явцад залруулж, 17.7 сая төгрөгийн зөрчилд 14 төлбөрийн акт тогтоож, 227.7 сая төгрөгийн зөрчлийг арилгах 21 албан шаардлага , 71 зөвлөмж өгсөн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний төсвийн найман байгууллага, тусгай сан нэг, төрийн өмчит аж ахуйн нэгж хоёр, нийт 12 байгууллагад тогтоосон 1.8 сая төгрөгийн төлбөрийн акт хоёрыг өгчээ. Мөн 240.3 сая төгрөгийн 10 албан шаардлага, 35 зөвлөмжийн биeлэлтийг үнэлж холбогдох баримтыг шалгасан байна.
***
Хууль зүй, дотоод хэргийн яам зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлжээ
Санхүүгийн аудитын газар Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайланд нэгтгэгдсэн Төсвийн ерөнхийлөн захирагч 1, Төсвийн төвлөрүүлэн захирагч 6, төсвийн шууд захирагч 6, төрийн өмчит үйлдвэрийн газар 13, нийт 26 ААН-ийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудит хийжээ. Уг аудитаар нийт 33,916.2 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлсний 736.4 сая төгрөгийн алдаа зөрчилд 8 төлбөрийн акт тогтоож, 28,618.5 сая төгрөгийн алдаа зөрчилд 11 албан шаардлага өгч, 4,561.3 сая төгрөгийн алдаа зөрчилд 87 зөвлөмж өгсөн байна.
Өмнөх онд САГ болон ХАК-ны гүйцэтгэсэн санхүүгийн тайлангийн аудитад хамрагдсан 25 байгууллага “Зөрчилгүй” санал дүгнэлт, 1 байгууллага хязгаарлалттай санал дүгнэлтийг тус тус авч, 54 байгууллагын санхүүгийн тайланд хэсэгчилсэн аудит хийгдсэн байна.
Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 736.4 сая төгрөгийн 8 төлбөрийн акт тогтоосон ба төлбөрийн актын биелэлт 100 хувийн хэрэгжилттэй байжээ. Харин Аудитаар нийт 28,618.5 сая төгрөгийн 11 албан шаардлага өгсөн ба хэрэгжилт нь 84.5 хувьтай байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад нийт 87 зөвлөмж өгсний 63.2 хувь буюу 55 нь бүрэн хэрэгжсэн, 32.2 хувь буюу 28 нь хэрэгжих шатандаа, 4.6 хувь буюу 4 нь хэрэгжээгүй байна. Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Төрийн өмчит үйлдвэрийн газруудын санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт 66.7 хувьтай буюу өгсөн зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлсэн байна.
***
Гадаад харилцааны яам: Нийт 21,3 сая төгрөгийн алдаа зөрчил илэрчээ
Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд төсвийн шууд захирагч 3, төвлөрүүлэн захирагч 1, төсөл, хөтөлбөр 1, Засгийн газрын тусгай сан 2, Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар 1, нийт 8 байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэн тайлагнасан.
Аудитаар нийт 21,389.7 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс 11,926.3 сая төгрөгийн материаллаг алдааг аудитын явцад санхүүгийн тайланд залруулга хийлгэж, 124.2 сая төгрөгийг төсөвт төлүүлэхээр 8 төлбөрийн акт тогтоож, 1,275.4 сая төгрөгийн алдаа зөрчлийг арилгах, цаашид давтан гаргахгүй байх 3 албан шаардлага, 8,063.8 сая төгрөгийн зөрчилд 30 зөвлөмж хүргүүлсэн байна.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга сайдын эрхлэх асуудлын хүрээний 2017 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар илэрсэн алдаа, зөрчлийг арилгах, цаашид давтан гаргахгүй ажиллах талаар “Дотоод ажлыг сайжруулах, зардал хэмнэх, төсвийн сахилга, бат хариуцлагыг дээшлүүлэх тухай” зааварлах захидал болон албан даалгаварыг боловсруулан ДТГ-ын тэргүүн, ажилтан, албан хаагч нарт үүрэг болгож ажилласан байна.
Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Үндэсний аудитын газраас Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэхэд 66.5 хувийн хэрэгжилттэй үнэлэгдэж байсан бол 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар өгсөн зөвлөмжийг 96.5 хувьтай хэрэгжүүлж ажилласан байна.
***
"Эрдэнэс Монгол" ХХК-д зөвлөмжийн биелэлтийг хангуулах талаар албан тоот хүргүүлжээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайланд 2 төсөвт байгууллага, 2 хөрөнгө оруулалтын зардлын данс, 11 төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газар, 1 төсөл, нийт 16 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгджээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар залруулагдсан алдаа 11,364.7 тэрбум, залруулагдаагүй алдаа 229.8 тэрбум, нийт 11,594.5 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг илрүүлсэн байна. Аудитаар 50 зөвлөмж, 1.8 сая төгрөгийн 1 төлбөрийн акт, 229.8 тэрбум төгрөгийн 6 албан шаардлага хүргүүлсэн ба аудитад хамрагдсан 7 байгууллага “Зөрчилгүй” санал дүгнэлт, 3 байгууллага “Хязгаарлалттай” санал дүгнэлт авсан байна.
Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-д зааснаар “Мон-Атом” ХХК, “Шивээ Овоо” ХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ууд дахь төрийн өмчийн төлөөллийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд заасны дагуу Засгийн газраас томилогддог тул эдгээр компаниудтай яамны зүгээс уг асуудлаар шууд хариуцлага тооцох боломжгүй гэж тайлбарласан бөгөөд тиймээс Үндэсний аудитын газраас гаргасан зөвлөмж, актын хэрэгжилтийг хангах ажиллах эрх зүйн нөхцөл бүрдэхгүй байгаа аж. Иймд зөвлөмжийн биелэлтийг хангуулахын тулд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцад хамаарал бүхий “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компаниудын санхүүгийн тайланд өгсөн аудитын дүгнэлттэй танилцаж, холбогдох арга хэмжээг авч өгөхийг хүссэн УУХҮСайдын 2018 оны долдугаар сарын 10-ны өдрийн 01/1911 албан тоотыг хүргүүлжээ. Албан тоотын дагуу ЗГХЭГ-аас "Эрдэнэс Монгол" ХХК-д зөвлөмжийн биелэлтийг хангуулах талаар албан тоот хүргүүлсэн байна. Аудитын хяналтаар 1 байгууллагад 1.8 сая төгрөгийн төлбөрийн акт хүргүүлснээс төлбөрийн актын биелэлт 100 хувийн хэрэгжилттэйгээр үнэлжээ.
Д.ДАМДИН