УИХ хулгайчуудын байх газар биш

Ардчилсан хувьсгалын тулгын чулууг тавилцсан хүмүүсийн нэг гэгддэг малыш Энхтүвшингийн бичсэн нэгэн ном миний өмнө байна. Номын нэр нь” Америкт арван жил”. Уг номын оршил хэсэгт “Ёрын балгаар Москвагаас ирсэн МАХН-ыг аврах ажлын хэсэг гэгдэгч багийнхан ирж тусгаар улсын дотоод хэрэгт балмадаар оролцон АН хэмээх тоглоомын нам байгуулагдлаа. Ийнхүү хуурамч нэр зүүсэн хэсэг бүлэг этгээдүүд ардчилагчдын дүрд орж ардчилалыг байгуулахаар боллоо” гэжээ. Эндээс ургуулан бодоход өнөөгийн манай улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д суугаа хоёр том намынхан арай аль нэг улсын захиалгаар буй болгосон улс төрийн хүчин юм биш байгаа гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Ямар ч байсан тэр үеэс өнөөг хүртэл явж ирсэн улс төрийн тогтолцоо нь улс төр бизнес олигархуудын бүлэглэл болтлоо өргөжчихөөд байгаа нь даан ч харамсалтай санагддаг.
Монгол улсын Ерөнхийлөгчийн байнга ярьж явдаг зүйл нь авлига албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэх явдал гэсэн үг байдаг. Гэтэл өнөөдөр УИХ, Засгийн газар болон яам агентлагийн удирдлагуудын дотор авлигатай нэр нь холбогдоогүй хүн нэгээхэн ч үгүй гэдгийг сонгогч та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Эдгээр хүмүүсийн ард томоохон бизнесийн бүлэглэлүүд болон өөр хоорондоо тохиролцсон улс төрийн хоёр том нам байгаа нь мэдээж. Тэгээд бид бүгдээрээ тэдгээр хог шааруудыг дараа дараачийн сонгуулиар сонгох хэрэгтэй болдог нь туйлын эмгэнэлтэй юм.
Уул нь төр засаг хулгайч нарын орогнох газар биш л юмсан. “Уулзах газрыг өөрчилж болохгүй” гэдэг кинон дээр ахмад Жеглов "хулгайч шорондоо л сууж байх ёстой” гэж хэлдэг. Тийм болохоор тэрхүү гоё юм ярьсан худалч, хулгайч нар ч гэсэн бас шорондоо сууж байх ёстой. Тэр үүднээс ард түмэн та бүхэндээ хандаж хэлэхэд дараа дараачийн сонгуульд саналаа өгөхдөө болгоомжтой байж, хулгайч нарыг огтхон ч сонгож болохгүй шүү гэж сануулмаар байна.
Ж.Батдорж
Эх сурвалж: Guren.mn