Ломбардаас дээрэмдсэн үнэт эдлэлээ Дэнжийн мянгад нуусан байжээ

Гэмт этгээдүүд дээрэмдсэн үнэт эдлэлээ Дэнжийн мянгад хүний хөлөөс зайдуу газарт булсныг нь эд мөрийн баримтаар хураан аваад буй. Тэд зөвхөн “Сайн” ломбардыг дээрэмдээд зогсохгүй Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Бан бан” хэмээх барьцаалан зээлдүүлэх газарт зэвсэглэн халдсан нь тодорхой болсон гэнэ. Эдгээр хэргийг эрхэлсэн ажилгүй 35 настай Э, 34 настай Д, 31 настай М нар эртнээс төлөвлөн үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон бөгөөд тэдний хоёр нь өмнө хүний амь бүрэлгэсэн, бусдыг дээрэмдсэн, эд зүйл хулгайлсан хэрэгт ял шийтгүүлж байсан аж. “Сайн” ломбардын удирдлага аюулгүй байдлаа хангах “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх стандарт шаардлага”-ыг дагаж мөрдөөгүйгээс гэмт хэрэг гарсан байх магадлалтай бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас мэдэгдэл хүргүүлж, үүний мөрөөр ямар ажил зохион байгуулсныг нь шалгахаар төлөвлөжээ.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин