Монгол Улсад коронавирусын 10 тохиолдол бүртгэгдлээ

Монгол Улсад коронавирусын 10 тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ, ХӨСҮТ-өөс COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийв. Энд дурьдсанаар өнгөрсөн хоногийн хугацаанд халдварын дөрвөн шинэ тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Одоогоор "ХӨСҮТ-д 193 хүн ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой боллоо. Бусад шинжилгээ, тандалт судалгаа үргэлжилж байна. Халдвартай нь батлагдсан дөрвөн хүний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй.
Дорноговь аймагт тусгаарлагдсан байсан буюу франц иргэний ойрын хавьтлын 58 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан.
Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгай нислэгээр ирснээс гадна нэг иргэнийг тусгаарлан шинжилгээ хийж байна." 
Ажиглалтаас гарч байгаа иргэд үргэлжлүүлэн өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарлах шаардлагатай
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:
-"Бид нийт 3,025 иргэнийг тусгаарлан ажиглалтад авчээ. Яг одоогоор 1,963 иргэн ажиглалтад байна. Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан, Дорнод аймгийн боомтуудаар ОХУ болон Казахстан улсаас иргэд нэлээд орж ирж байгаа.
Энэ нь тухайн улс орнуудад оюутнуудын хичээл сургуульд хязгаарлалт хийж, оюутны байрнаас нь чөлөөлж байгаатай холбоотой. Иймд бид иргэдээ татах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Өчигдөр улсын онцгой комисс хуралдаж сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгасан. Бид тусгаарлан ажиглах байруудыг өргөтгөж, хяналтыг сайжруулах болон бусад гэрээр тусгаарлаж байгаа хүмүүст хороон дарга, сайн дурын идэвхтнүүдийн оролцоо ямар байх тал дээр УОК-д санал өгсөн.
Орчны, хөрсний бохирдол нэмэгдэх хандлага байгаа энэ үед халдваргүйтгэлийн ажлыг анхаарч хийх нь зүйтэй гэсэн саналуудыг гаргаж холбогдох шийдвэрүүдийг гаргуулсан байна. Мөн ажиглалтаас гарч байгаа иргэдэд сануулахад үргэлжлүүлэн гэртээ 14 хоног  тусгаарлах шаардлагатай.
Үүнээс гадна тусгай үүргийн онгоцоор ирж буй эм эмнэлгийн хэрэгслүүдийг бид холбогдох байгууллагуудтайгаа хамтран татаж аван ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээнд тасарсан эм эмнэлгийн хэрэгсэл байхгүй" гэлээ.

Эх сурвалж: Guren.mn
скачать dle 12.0