Би өвдвөл Та өвдөнө, Та өвдвөл Монгол Улс өвдөнө

Би өвдвөл Та өвдөнө, Та өвдвөл Монгол Улс өвдөнө
За тиймээ. Үүнийг л олон түмэндээ захих гэж л үзэг, цаас шүүрлээ. Сэтгүүлчийн хувьд үүрэг маань юм даа. Дэлхийг бараг бүхэлд нь хамраад байгаа коронавирус хэмээх цар тахлын мэдээг өдөр бүр сонсож байна. Сонсох тусмаа айдас хүйдэс улам нэмэгдсээр буй. Дэлхийн хэмжээнд нэг хоногт энэ өвчний халдварын 14 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж 170 гаруй улс оронд халдварын тоо 200 мянгаас давлаа. Сүүлийн нэг хоногт гэхэд 862 хүн нас барсан тухай ДЭМБ-ын мэдээнд дурджээ. Аймаар байгаа биз. Хаа нэгтээ галт зэвсэг хэрэглэсэн дайн байлдаан гарлаа гэдэг. Тэгвэл энэ өвчний дэргэд юу ч биш юм шиг. Хэдийгээр мэдээ, мэдээлэл нэг хоног гэсэн үечлэлээр тарж байгаа ч аюулт өвчний тархалт цаг, минутаар хэмжигдэж байгаа юм. Итали, Иран зэрэг оронд хоногт 140-400 гаруй хүн нас барсан гэж байна. Үүнийг цаг, минутад хуваавал ямар аймшигтай тоо гарахыг хэлэхэд ч бэрх.
Сүүлийн үед Европын олон оронд сэрэмжгүйдэж цаг алдснаас коронавирусын халдвар хүчтэй дэгдэж эргээд засч залруулах, хязгаарлаж хянах боломжоо алдсан байна. Харин манай улсын хувьд анх Хятадын Ухань хотод уг өвчин гарлаа гэмэгц л хилээ хааж хорио цээрийн дэглэмд шилжсэн. Бүр нэгдүгээр сарын сүүлч үеэс л сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож хүн олноор цугларах, урлаг, соёл, спортын арга хэмжээг цуцалсан.
Хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосноор цагаан сарыг тун хямгатай хязгаарлалттай тэмдэглэсэн. Монголчууд бид ч төр, засгийн бодлогод тун дуулгавартай хандаж өдий хүрлээ. Үүний хүчинд эргэн тойрны улс оронд халдварт өвчний дэгдэлт бий болсон байхад Монгол Улс саяхан болтол халдварын тохиолдолгүйгээрээ бусдад үлгэр жишээнд тооцогдож байлаа. Яагаад Монгол хүн тэр өвчнөөр өвчлөхгүй байгааг дэлхийн эрдэмтэд анзаарч судалгаа хийж буй тухай ч сонсогдож байсан даа. Ингээд Монгол Улсын Засгийн газар Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагынхны идэвх чармайлтын хүчээр эх орондоо халдвар орж ирэх зай завсрыг хааж чадаад байлаа. Гэтэл гадаадад байсан Монголчуудаа халдварын голомттой орнуудаас татаж авах зайлшгүй зорилго тулгарсан. Энэ үед Засгийн газар нарийн судалгааны үндсэн дээр тусгай үүргийн онгоц нисгэж тэдгээр иргэдээ авчирч эхэлсэн. Эхлээд БНСУ-ын, дараа нь Герман Москва-Улаанбаатар, Туркийн чиглэлийн нислэгээр нийт 1000 гаруй хүнийг татаж авсан.
Гэтэл тэднээс нэг франц иргэнээс эхлээд одоогоор зургаан хүний халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Хэдийгээр уг өвчин гаднаас зөөвөрлөгдөж ирсэн ч гэсэн Монгол Улс “Ковид-19”-ын голомттой бүс нутгийн жагсаалтад орчихлоо. Анх коронавирус илэрсэн франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн хүмүүсийн хувьд халдвар илрээгүй бол дараагийн хоёр удаагийн авчирсан хүмүүсийн дундаас таван тохиолдол илрээд байна. Татаж авсан бүх хүн тусгаарлал, хяналтад байгаа юм. Гэхдээ ч аюул дэргэд байна шүү дээ. Нэгэнт л тэр зорчигчдын дундаас халдвар илэрсэн болохоор тэднийг тусгаарласан хугацаанд дахиад халдвартай хүн нэмэгдэж болох магадлал бий. Цаашлаад хяналтын 14 хоног дууслаа гээд гаргалаа гэхэд айдас төрөх юм.  Хяналтын хугацаанд илрээгүй тохиолдол дараа нь илэрлээ гэвэл халдвар гудамжинд гарлаа гэсэн үг. 
Иймийн учир гадаадаас ирсэн Монголчуудад хамгийц ухамсартай, эх оронч байхыг сануулмаар байна. Та бүхнийг эх орон чинь тосоод авлаа. Энэ үед л иргэний үүргээ  биелүүл. Зөвхөн 14 хоног биш дахиад 10-14 хоног өөрийгөө тусгаарла, эрүүл мэндээ хяна.
Энэ чинь зөвхөн өөрийнхөө төлөө биш Монгол Улсын нэр төрд хэрэггэй үйл болно гэдгийг захия. Нөгөө талаар аюулт өвчин Монголд тархаагүйд тайвширч боломгүй. Засгийн газар, Улсын онцгой комиссын сүүлийн үеийн шийдвэрт ч ийм хандлага байна уу даа гэж санагдсан. Иймээс дэлхий дахинд хөл хорио тогтоогоод байхад бид авах арга хэмжээгээ сулруулах биш чангатгах нь чухал байна. 
Халдварын тохиолдлыг энэ л хэмжээнд барьж чадвал, өвчилсөн хүмүүсээ эмчилж дөнгөвөл Монгол Улсын нэр хүн улам өснө. Хамгийн гол нь монголчуудыг монгол ахуй, эв нэгдэл, сахилга хариуцлагатай байдал л аварна гэдгийг коронавирус бидэнд ойлгууллаа шүү дээ. Би өвдвөл, Та өвдөнө, та өвдвөл Монгол Улс өвдөнө.
Үүнийг л иргэн бүр санаарай. 

Д.Бичээчхүү
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
скачать dle 12.0