Тэнэх донгоо хагас жил тэвччих ээ, монголчууд аа

Тэнэх донгоо хагас жил тэвччих ээ, монголчууд аа
Сүүлийн 30 жил буюу, гадаад паспорт эзэмших эрхтэй болонгуутаа монголчууд бүгд дэвэн дэлхийгээр хэрэн хэсч эхэлсэн. АНУ, Солонгос, Япон, Европын улсуудаас эхлээд хаа хол Африкийн оронд ч тууж л явдаг монгол хүн та, аюулт вирусийн халдварын энэ үед жолоогоо татах хэрэгтэй байна. Монголчуудыг гадаадад ямар их явдаг тухай шог яриа байдаг. Ямарсайндаа нэг өмнөд монгол хүн “монголчууд та нарыг гурван сая гэж буруу тоолсон байх аа. Гадаадад ямар олуулаа амьдарч байх юм” гэж дуу алдахав. Тэнд амьдардаггүй юм гэхэд, ганзагын наймаанаас эхлэлтэй наймаачид энд тэндээс бараагаа татаж давхилдана.
Дэлхийгээр дүүрэн монголчууд байгаад тогтохгүй дотооддоо улс орноороо асар их тэнэж зугаалж байна. Зам сайхан ч болсон юм байгаа, хүн бүр зээлийн унаатай болсон ч юм байгаа өвөл, зунгүй өглөө оройгүй адилхан хэрэн хэсч явдаг. Монголын дурын сум, дурын баг дээр очоод харахад УБ... дугаартай приус машин зогсож л байна. Хотоос ирсэн гийчид гэсэн үг. Аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөөрөө хэсч байгаа хүмүүс. Бүр ямар ч хэрэггүй дэмий сэлгүүцэн давхиж ирсэн хүн ч тэнд байж л байдаг. Монголд суурин ажил хийх хүн тун цөөхөн болсон нь үүгээр батлагдана. Завтай хүмүүс л ингэж явдаг. Даяаршихын хэрээр мөнгө олох боломж ч элбэг болжээ. Бензиний мөнгөтэй болуут л приусэндээ суугаад жирийлгэж өгч байна.
Хөдөө хэсч чадахаа байлаа гэхэд Улаанбаатар дотроо зайгүй хөлхөнө. Өглөө Зүүн салаанд явж байсан хүн тун удалгүй Баянзүрхэд, өдөр нь хотын төв хавьцаа, оройхон Нисэхэд давхиж явна. Хотод мөнгө олох хамгийн хялбар арга бол таксинд явах. Зам мэддэг, мэддэггүй хамаагүй халтууранд давхисаар байгаад мөнгө хийдэг болохоор хэдэн мянгаараа ингэж явдаг. Монголчууд ийм л мөнхийн хөдөлгөөнд байдаг улс. Нэг хэсэг нь гадаадад, нөгөө хэсэг нь хөдөө гадаагүй, үлдсэн нь хот дотроо зогсоо зайгүй явж байдаг. Үүний тод жишээ нь, хэдхэн өдрийн өмнөх хөл хорио байлаа. “Цагаан сараар хөдөө гадаа битгий яваарай, автомашины хөдөлгөөнийг хаана” гэж анхааруулсаар байтал хэдэн мянгаараа хөдөө гарч давхицгаасан. Хөл хориог үргэлжлүүлэн тав хоног сунгахад мөн л түмэн зовлон тоочин хот руу орох, хотоос гарах машин тасраагүй гэж байгаа. Бүр ядаад хот руу орох гэж гэдсэндээ даавуу чихэн жирэмсэн болж жүжиглэж байгаад баригдлаа шүү дээ. Хот хоорондын замын хөдөлгөөнийг нээсэн эхний хоногт 31998 тээврийн хэрэгслээр 108772 иргэн нийслэл хот руу орж, гарсан байна. Монголчууд ингэж л холхидог хүмүүс.
Дэлхий даяар аюулт тахал гараад хүмүүс бие биеэндээ халдаагаад одоо бүр цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй байна. Одоохондоо манай улсад энэ өвчин илрээгүй байгаа. Өвчин гараад бараг хоёр сар болчихоод байхад илрээгүй байна гэдэг бол дотооддоо байхгүй л гэсэн үг. Одоо гаднаас хүнээр тээвэрлэгдэн орж ирж болзошгүй гэж мэргэжилтнүүд анхааруулсаар удлаа. Тэгэхлээр бид гадаадад тэнэх донгоо хагас жил хэртэй тэвччихэд коронаг аюулгүй давчих боломж харагдаж байна. Эрүүл мэндийн байгууллагаас ч ингэж хэрэн хэсүүчлэхгүй, гэртээ суухыг байнга анхааруулсаар байгаа юм.
Коронавирусээр үүсч байгаа өвчин тоглоом биш гэдгийг бид нүдээрээ харж байна. Ийм өвчин туссан хүмүүс хэдэн мянгаараа нас барж байгаа мэдээг өдөр бүр сонсож байна. Энэ вирус хүний уушгийг гэмтээж, дэлүүг багасгаж, зүрхний булчинг задалдаг гэж эмч нар тогтоосон. Сүүлийн үеийн зарим эрдэмтдийн судалгаагаар коронавирусийн халдвар авсан л бол насан туршдаа тэмцэх шаардлагатай гэж баталж байна. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс насаараа эм уудаг шиг л энэ вирусийн эсрэг насаараа эм, тариа хэрэглэх нь.
Монголчууд бид өөрсдийгөө нүүдэлчин удмынх, ийм ген цусанд маань шингээтэй энэ тэр гэж хөөрцөглөдөг. Ямар юмных нь цусанд шингэх вэ дээ, хэрэн хэсүүчлэх гэдэг бол ажилгүй хүний хийдэг зүйл. Ажилгүй зүгээр уйдаж суухаар явж л байвал сонирхолтой болоод тэр. Манайд суурин ажил хийдэг хүн тун цөөн. Том үйлдвэр байтугай үйлчилгээний төв цөөн. Тиймээс хэн нэг нь нүүр номдоо хээр хөдөө авахуулсан зургаа оруулсан байвал тэрийг давах сэдэл төрж, бензиний хэдэн төгрөг хийнгүүтээ хөдөө гараад сүнгэнүүлчихдэг. Хаана ч очсон цэлгэр сайхан тал, уул устай Монголын хөдөө цэнхэртэн цэлийн байдаг, ах дүүгээ байг гэхэд хамаатан садан нь тэнд суудаг болохоор давхиж хүрцгээдэг.
Социализмын дал, наян жилд хүмүүс бүгд суурин ажилтай байжээ. Тиймээс сумын ойролцоо байх бригад руугаа ч очиж амждаггүй байсан гэдэг. Мэдээж, гадаадад хэн ч явж чаддаггүй байсан үе. Одоо бол хэт сул чөлөөтэй байдал нь дэмий тэнэх дон болчихоод байна. Энэ донгоо хагас жил тэвччихье ээ, монголчууд аа. Юугаа хийж гадаадад гарах гээд зүтгээд байна вэ. Өвчин тахал гарчихаад байна. Энэ өвчнийг тусчихвал яана. Элгэн түмэн монголчуудад минь халдаачихвал яана гэж бодоод үзээрэй. Гадаад явах чинь моодноос гараад удаж байгаа, дээрээс нь энэ эрсдэлтэй цаг үед бүүр ч дэмий хэрэг болчихоод байна. Гадны улсууд бидэн шиг шөнө нь гэнэт бодож шийд гаргаад өглөө нь гараад давхичихдаггүй юм билээ, шүү.
 
Д.Оюунтуяа
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0