Тавантолгой тойрсон зодоон М.Энхсайханыг бүх насаар нь хорьсноор дуусах уу?

Тавантолгой тойрсон зодоон М.Энхсайханыг бүх насаар нь хорьсноор дуусах уу?
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн танхимд бодлого зангидах яамгүй бараг албан ажлын өөрөөнөөс илүү гарах юмгүй нэгэн портелгүй сайд байсан нь М.Энхсайхан. Засгийн газрын тогтоолын дагуу Ажлын хэсгийг ахалж, төслөө боловсруулаад түүнийгээ танилцуулах гэсэн үүрэгтэй. Зөвхөн мега төслүүдийг хариуцан ажиллахаар парламентаас виз даруулж байсан уг эрхэм эрхэлсэн ажлынхаа хүрээнд Оюу Толгой, Тавантолгой хөрөнгө оруулалт, түүнийг тойрсон томоохон бүтээн байгуулалтын ажлыг нугалах үүрэг хүлээж байсан энэ. Түүний эхлүүлсэн, өөрөө гардаж хэрэгжүүлсэн ажлын нэг нь Тавантолгой гуравдагч орны хөрөнгө оруулагчидтай хамтарч эдийн засгийн эргэлтэд оруулах байлаа. Гэвч Монгол, Япон, Хятад гэсэн гурван улсын хамтарсан консорциумтай гэрээ үзэглэх өдрийн өглөө УИХ-ын хаврын чуулганы нээлттэй давхцаж, тухайн үеийн спикер З.Энхболд мэдэгдэл хийснээр М.Энхсайханы эхлүүлсэн ажил бүхэлдээ зогсож байсан юм. 
Үүнээс хойш Тавантолгой өөрийн хүчин чадлын хүрээнд ажилласныг эс тооцвол гуравдагч орны хөрөнгө оруулагчидтай хамтарсан байдлаар хөдөлгөх ажил Засгийн газар, парламентын төвшинд таг гацсаар өнөөдрийг хүрч байна. Сонирхолтой нь, Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газарт мега төсөл хариуцан Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6-д зааснаар “хорлон сүйтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ. Хэрвээ шүүх прокурорын хүсэлтийг хангавал М.Энхсайханд 12-20 жил эсхүл бүх насаар хорих ял шийтгэх юм.
Санаж байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарыг шалгуулах хүсэлт бүхий 170 хуудас материалыг иргэнийхээ хувиар өгсөн байдаг. Бүхэлдээ Тавантолгойн гэрээтэй холбоотой уг материалын гол агуулга нь Тавантолгойн ордыг гаднынханд үнэгүй, 100 жилээр өгье гэсэн заалт байгаа гэдгийг Х.Баттулга өөрөө ч онцолсон байдаг.
Гэвч байгуулаагүй гэрээний төслөөр М.Энхсайханд ял тулгасан, тэгэхдээ бүр “хорлон сүйтгэх” гэдгээр зүйлчилж байгаа нь хүний эрхийг дээдэлсэн ардчилсан улсад байж болохгүй үйлдэл гэсэн шүүмжлэл нийгэм, улс төрийн хүрээнд гараад байна. Нийтлэлч Баабар “Шүүх, цагдаа, АТГ, тагнуул, прокурорын ажилтнууд буруу шийдвэр гаргаж, гаргуулж буй бол хожим өөрийгөө зөвтгөх бичиг баримтаа хуулж аваад айклоудад хадгалчих хэрэгтэй. Хожим мэдээж буруутна, үр хүүхэд нь хүний нүүр харах эрхгүй болно. Ямар ч байсан өөрийгөө зөвтгөх баримт чухал” хэмээн М.Энхсайханы жишээг эш татан жиргэсэн нь үүнийг илтгэнэ.
Улсын баатар Э.Бат-Үүл ч “Энхсайхан, Ганболд нарыг гаднын гар хөл болсон хүний захиалгаар шүүх гэж байгааг шударга шүүх гэж шаахыг би зад эсэргүүцнэ! Ардчилсан үзэлтнүүдээ цуглуулна! Коминтерний гар хөл болсон түүхийг Монголд ахин алхуулахгүй!” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь М.Энхсайханд тулгасан ял дан ганц Ерөнхийлөгч Х.Баттулга нарын зөрчил гэхээсээ АН-ын лидер хоорондын зодоон болж, хүрээгээ тэлснийг харуулж байна.
"Хорлон сүйтгэх" ялд унаад байгаа сайд асан М.Энхсайхан энэ тухайгаа "Ардчилсан нийгэм байгуулах гэж олон жил зүтгэсний хувьд бага ч болов найдлага байна. Би шүүхэд итгэхийг хүсч байна. Үр дүн нь яаж ч гарсан байлаа, Монголын нийгэм ямар дүр царайтай байгааг өөрийнхөө бие дээр харуулчихъя. Тэрнээс надад хулчийгаад байх зүйл алга. Нэг удаа би АТГ-ын мөрдөгчийн тогтоолоор 24 цаг 461 дүгээр ангид байсан. Хохирогчийн хувьд Монгол Улсад болж байгаа асуудлыг олон улсын байгууллагууд мэддэг байгаасай гэж бодож байгаа. Э.Бат-Үүл, Да.Ганболд, С.Баяр, С.Баярцогт гээд бүгдийнх нь эсрэг ажиллагаа явж байгаа. Монгол Улсыг ардчилсан нийгэм руу оруулж өгсөн, эдийн засгийн томоохон арга хэмжээнүүд авч ажилласан бүх л хүнийг хоморголон шийтгэх арга хэмжээ явж байгаа нь санаа зовоож байна. Энэ харийн санаархал биш байгаасай.
Бидний хийсэн төсөл бол олборлосон нүүрсээ боловсруулсныхаа дараа гаргах тухай байсан. Үнийн талаас харсан ч боловсруулсан нүүрс түүхий нүүрснээсээ гурав дахин үнэтэй. Нүүрсээ зараад олох орлого нь гурав дахин нугарна гэсэн үг. Хоёр дахь нь, төмөр зам. Нүүрсний бизнес гэдэг бол эцсийн дүндээ тээврийн бизнес. Тээвэр байхгүй бол нүүрс гаргах хэцүү. Хэрэв төмөр замаа барьчихсан бол автомашинаар тээвэрлэх өртгөөс олон дахин бага. Өнөөдрийн “Эрдэнэс Тавантолгой” асар ашигтай ажиллаж байна гэж ярьж байгаа бол тэр тоог нь гурваар үржүүлэх хэмжээний үр ашигтай төслийг бид санал болгосон. Төмөр замгүйгээс болоод ашиг алдахаас гадна хэчнээн жолооч нас барж, байгаль орчин яаж бохирдож, олон хүний амьдрал сарнисныг бодох хэрэгтэй. Коронавирусээс болоод ачилт хийж чадахгүйд хүрээд байна. Төмөр замтай байсан бол нүүрс тээвэр хэвийн л явах байлаа. Тэмээ, ямааг харьцуулж болохгүй гэж хэлээд байгаагийн шалтгаан энэ” хэмээн ярьжээ.
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан сайд асан М.Энхсайханы хэлдэг үнэний ортой. Хэрвээ Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх төмөр замыг бариад ашиглалтад оруулсан бол хилээ хааж, тэр хэрээрээ нүүрсний экспортын орлогоо алдаж суух шалтгаан бидэнд байхгүй байв. Гэвч байгуулаагүй гэрээнийх нь төлөө ажлын хэсгийг ахалж байсан түүнд бүх насаар нь хорих ял төлөвлөөд сууж байгаа нь ганц хоёр хүний зөрчил гэхээсээ олон улсад Монголын хууль, шүүхийн байгууллагыг муухай харагдуулах уршигтай ч Тавантолгой тойрсон зодоон М.Энхсайханыг бүх насаар нь хорьсноор дуусах уу? гэсэн асуулттайгаар шүүхийн өмнө очиж байх шиг. Нөгөөтэйгүүр, шүүх байгууллага үнэхээр өрсөлдөгчөө нухчин дарах зэвсэг болсон уу эсвэл холбогдох ном журмын хүрээнд ажиллах уу гэдгийг тэндээс харж болох нь.

Эх сурвалж: n24.mn
скачать dle 12.0