Хэлд орсон ч хэрэггүй гишүүн
“Уучлалт гуйх болохоор хэлгүй, УИХ-д өрсөлдөх болохоор хэлтэй” тэр юу вэ гэх оньсого гарчээ. Оньсогын эзэн нь УИХ-ын гишүүн Г.Солтан. Монголчууд хэзээнээсээ л үнэн үйл явдлыг үг хэлний уран цэцнээр шүүмжилж ирсэн соёл, уламжлалтай ард түмэн.
Бид ийм оньсого зохиохын хажуугаар түүнийг Венесуэлийн олон ангит “Халтар царайт” киноны Королла гэж хэлгүй эмэгтэйтэй адилтгадаг. Гэхдээ энэ зүйрлэл бол тийм ч оновчтой биш. Гагцхүү юу ч дуугаралгүйгээр нэг парламентыг төгсгөх гэж байгааг нь л зүйрлэсэн хэрэг. Харин киноны дүр Королла бол товчхондоо үнэний гэрч болж айдаст автахдаа хэлгүй болсон байдаг юм.
Олныг үл нуршин УИХ-ын гишүүн Г.Солтаны хэрхэн манаргаж явааг өгүүлье.
Эрхэм гишүүн ЖДҮ-гээс 950 сая төгрөг авчхаад түүндээ бүр амташчихсан яваа гэж нутгийн олон нь ярьж байна. УИХ-ын ээлжит сонгууль дөхөх тусам элдэв ааш авир гаргаж, бүр хэлд ороод зогсохгүй нутагтаа сэтгүүл тарааж, олны санаа сэтгэлийг эргүүлнэ, урвуулна л гэж байгаа сурагтай.
Харамсалтай нь нутаг нугынхан нь “Өлгий нутгийнхны тусын тулд юу хийсэн, нутаг орноо хөгжүүлэхэд ямар хувь нэмэр оруулсан гэж дахин нэр дэвших гэж зүтгэж байгаа юм бол. Бүхнийг мөнгөөр шийддэг гэж бодсоор л яваа юм байх даа. Тэр жил (2017 онд) 30 гаруй хүний хамт Баян-Өлгийд ирж сум бүрээр явж хүмүүст мөнгө тарааж, МАН-ын 28 дугаар их хуралд оролцогсдод тус бүрд нь 2-4 сая төгрөг өгсөн. ЖДҮ-гээс мөнгө авчхаад олон түмнээс уучлалт гуйгаа ч үгүй бүдүүлэг нөхөр” гэж байгаа аж.
Үнэндээ түүний МАН-ын их хуралд Баян-Өлгийгөөс оролцох 26 төөлөгчид мөнгө өгч олны саналыг авах гэсэн нь бүтэлгүйтэж Өлгийчүүд жагсаал цуглаандаа хүрч байсныг тухайн үед хэвлэлүүд онцолж байв.
УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ үед тэрээр хэчнээн сэтгүүл тарааж, өөрийгөө рекламдсан ч Өлгийчүүд түүнийг сонгохгүй нь тодорхой.
Баян-Өлгий аймаг 3 мандаттай. Түүний нэг квот нь мэдээж эмэгтэйчүүдийнх. Бүр тэр тусмаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сай Ж.Саулегийнх гэхэд болно.
Харин нөгөө хоёр нь УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан нарынх гэж үзэж байгаа.
Байдал ийм байхад Г.Солтан гишүүн өөрийгөө өндөр үнэлж, өнөөх л мөнгө төгрөг тараах ажлаа үргэлжлүүлж, өөрийнхөө зураг бүхий сэтгүүл тарааж явна. Гэвч түүнд энэ удаа боломж байхгүй. Өлгийчүүд ч түүнд боломж олгохгүй.
Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн УИХ-ын чуулганд оролцохдоо “ЖДҮ-гээс зээл авсан гишүүд ард түмнээсээ уучлалт гуйгаарай. Эс тэгвээс ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж хэлсэн нь ард түмнээ дорд үзсэн Г.Солтан гишүүн дээр биеллээ олов бололтой.
С.Туул
Эх сурвалж: erennews.mn