УЕПГ: Б.Махбалыг суллана гэдэг ташаа мэдээлэл
Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбал ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байгаа. Түүнийг суллах тухай мэдээлэл зарим хэвлэлд гарч байна. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газраас тодруулхад “Б.Махбалд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэн шалгагдаж байгаа. Суллана гэдэг нь ташаа мэдээлэл” гэлээ.
Хэргийн талаар сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарсан бөгөөд Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоож, Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.
Түүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзэн хоёр дахь удаагаа прокурорт буцаасан ба харин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн билээ.
Ж.Батдорж
Эх сурвалж: Guren.mn