Ичээч, "ширнүүд"-ээ

Ичээч, "ширнүүд"-ээ
"Үзээгүй юмаа үзэж, үхэр цам харайна" гэдэг үг бий. Энэ УИХ бидэн ёстой л үзээгүй юмыг маань үзүүлж, үхэр цам харайлгаж байна даа. УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт нэр холбогдож, өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдөхийг үзлээ. Хэдэн арваараа нийлж аваад гишүүд нь үйлдвэрлэгчдэд очих ёстой мөнгийг "цөлмөх"-ийг ч харлаа. Тэгээд дараа нь янз бүрээр гүрийж, томорч, "төлчихнө" гэж онгирохыг ч үзлээ. МАН гэнэт гэрэлтэн цацарч, нэг гишүүнээ намын нэр хүнд унагасан хэмээн "хөөхийг" ч үзэв. Тэгээд тэр  гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг ч үзэж байна.  
Тэд ч бидэндээ шинэ соньхоныг үзүүлж ханахгүй юм. Бүр өчигдөр УИХ-д суугаа хэд цаанаа нэгнийхээ нуруу руу "хутга зоочихоод", наанаа худлаа инээхийг ч харлаа. Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал парламентаар дүүрэн Түгжил байгааг харуулав. Ямар учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон, процесс хэрхэн өрнөсөн талаар хүмүүс тэртээ тэргүй мэдэж байгаа. Харин асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдаан ёстой л "жонхуу" боллоо. Нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байгаа учраас асуудал ярихад ард иргэдээс нуух, хаах юм тэдэнд байсан байх. Чуулган хаалттай хуралдаж, нууц санал хураалт явуулсан. 
Нууц санал хураалтад 58 гишүүн оролцсоноос 30 нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгсөн юм. Мэдээж олонхийн саналаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болсон. Харин түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн УИХ-ын тогтоолыг батлах санал хураалтыг илээр явуулахад, дэмжилгүй унагав. Үндсэндээ 38 гишүүн тогтоолын төслийг дэмжихгүй гэсэн санал өгөөд унагачихсан хэрэг. МАН-ынхан аргаа бараад, завсарлага авч, яах ийхээ хэлэлцсэн. Нууц санал хураалт явуулахад түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн гишүүдийн 8 нь ил тодоор тэр саналаа илэрхийлэхээс шийрэгнэсэн гэсэн үг. 
Хөгийн ч юм боллоо доо. Хүн чанар нь хөлийн жийрэгнээс дор болчихсон хүмүүс энэ Их хурлаар дүүрэн байна. Сүүлдээ Н.Номтойбаяр гишүүнийх нь эгдүү хүрсэн үү, эсвэл шийдсэн мэх байв уу, өөрийнхөө хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгөв. Бүрэн эрх түдгэлзүүлэх бол түрдээ халдашгүй эрхээсээ татгалзаад, энгийн хүний дүрээр шалгуул гэж байгаа юм. Чөлөөлөгдөх гэдэг нь УИХ-ын албан тушаалаасаа бууж, жир иргэн болно гэсэн үг. Түүний өргөдлийг хүлээж авсан даруйд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, хүсэлтийг нь дэмжсэн. 
Эргээд УИХ-ын чуулганаар хэлэлцэх болоход ирц нь хүрсэнгүй. Хөөрхөн тоглож чадлаа. Ирц хүрэхгүй байх зуур зарим нэг хүн попорч, "саарал" хүнийг эгээтэй л энхийн цагаан тагтаа болгочихсонгүй. "Ордны тоглоомд би оролцохгүй" энэ тэр гээд л цамнаж өгсөн. Яг үнэндээ тэр хүн л энэ тоглоомын эхлэлийг тавьж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх нь зөв гэдэг шийдвэрийг гаргалцаа биз дээ. Тийм байж чуулганы хуралдааны үеэр сайн хүний дүрд тоглоод л. Оройжин тоглосны эцэст түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УИХ-ын тогтоолыг илээр санал хурааж, баталсан. Олонх нь дэмжлээ. Гэхдээ ил гэсэн мөртлөө санал хураалтын үеэр хэн хэн дэмжсэнийг ч дэлгэцээр харуулсангүй. Ёстой нэг ичиж үхмээр юм аа.  
УИХ-ын гишүүн С.Жавхлан нэгэн цагт "Ийм муухай хараал жатгатай УИХ-д суумааргүй байна. Би үнэхээр ичиж байна аа, ширнүүдээ" гэж байлаа. Өчигдөр ёстой тийм л байлаа. Ичээч ээ, "ширнүүд" ээ. 

Н.Пунцагболд           
Эх сурвалж: zaluu.com
скачать dle 12.0