Монгол Улс XXI зуунд 22 хоттой болно
Хотжилт бол хүн төрөлхтний өмнө тулгамдсан, маш хурдтай өрнөж буй үйл явц. Хүний нийгмийн хөгжлийг дагаж гарч ирж буй зүй тогтолт үзэгдэл ч гэж болох юм. Хотжилт гэдгийг угаасаа хүмүүс нэг газарт үй олноороо бөөгнөрөн суурьших үзэгдэл гэж хамгийн энгийнээр тодорхойлдог. 9000 мянган жилийн өмнө хүн төрөлхтний анхны хот үүссэн гэдгээр багцаалж тооцвол өнгөрсөн зуун хотжилтын оргил байжээ. 1900 онд дэлхийн хүн амын 13 хувь буюу 220 сая хүн хотод амьдарч байсан бол 1950 онд 29 хувь буюу 732 сая, 2005 онд 49 хувь нь буюу гурван тэрбум хүн хотод амьдарч байжээ. Харин 2050 он гэхэд хүн төрөлхтний 70 хувь нь хот суурин газарт аж төрнө гэсэн судалгаа аль эрт гарсан. 2018 оны байдлаар 4.2 тэрбум хүн хотод амьдарч байгаа ажээ.
Монгол Улсын хувьд хотжилт асар эрчимтэй явагдаж, тулгамдсан олон асуудлыг араасаа дагуулж байна. Манай улсын нийт хүн амын 67.2 хувь нь хот суурин газар үүнээс 47 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь нийслэл хотод амьдарч байгаа гэсэн судалгаа бий. Хүн амынх нь тэн хагас ганц хотод төвлөрөн суурьшчихаар ажилгүйдэл, ядуурал, агаар, хөрс, усны бохирдол, авто замын түгжрэл гээд олон арван асуудал үүсэх нь мэдээж. Энэ хэт төвлөрлийн шалтгаан нь орон нутгаа хөгжүүлээгүйнх. Бүр тодруулбол орон нутгийн хотуудаа хөгжүүлэх бодлогыг орхигдуулсных. Үе үеийн эрх баригчид энэ алдаагаа Үндсэн хууль руу “чихсээр” ирсэн. Монгол Улсын 21 аймгийн төв бүхэн орон нутгийнхаа хотын статустайгаар нийгэм, эдийн засаг, санхүүгийн төв болон хөгжсөн бол өдийд Улаанбаатарын олон урхагтай, уршигтай ужиг хүндрэлүүд аль хэдийнэ шийдэгдсэн байх байлаа. Харамсалтай нь 1990 оноос хойш аймаг, сумд эзгүйрч, Улаанбаатарыг чиглэсэн нүүдэл үргэлжилсээр өнөөг хүрчээ. Сүүлийн 30-аад жил үргэлжилсэн нүүдлийн хөлд дарагдсан нийслэл хотынхоо алслагдсан гурван дүүргийг дагуул хот болгоно гэж 20-иод жил ярьсан ч ажил хэрэг болгож чадаагүй л суугаа. Амьдралын тав тухтай орчин хаана байна тийшээ тэмүүлэх нь хүн төрөлхтний жам ёсны хэрэгцээ, шаардлага. Харамсалтай нь хотжилт иргэдийн амьдралыг сайжруулж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж чадаж байна уу гэвэл үгүй.
Уг нь аймгуудын төвүүдээ байг гэхэд бүсийн тулгуур төвүүдээ хот болгон хөгжүүлэхэд анхаарсан бол өнөөдөр өөр дүр зураг гарах байв. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэгч баримт бичиг цаасан дээрээ хоцорсны шалтгаан эсвэл шалтаг нь Үндсэн хууль гэж тайлбарласаар ирсэн уламжлалд өнгөрсөн 2019 он цэг тавив. УИХ Үндсэн хуульд томоохон хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулан баталснаар аймгийн төвүүд хот болон хөгжих эрх зүйн үндэс бүрдээд байна. Тиймээс төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох асуудлыг шийдэж өгсөн нь энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн чухал шийдэл болсон гэдгийг хууль тогтоогчид тодотгож байгаа юм. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулжээ. Мөн хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэхээр болж байгаа ажээ. Үндсэн хуульд оруулсан энэ өөрчлөлт орон нутгийнхны хувьд таатай мэдээлэл юм. Төр, засгийн зүгээс Үндсэн хуулийн энэ үзэл баримтлал, зохицуулалтдаа тулгуурлан орон нутагт эрх мэдлийг шилжүүлж, хотуудыг хөгжүүлэх бодитой алхмууд хийх аваас Монгол Улс Улаанбаатараас гадна 21 хоттой болно. Нийслэл рүү чиглэсэн нүүдэл саарна. Улаанбаатарын ачаалал 21 хуваагдана. Тулгамдсан асуудал нь тэр хэрээр буурна.
Зүүн, баруун, төв, хангайн бүсүүдийн тулгуур төв гэгддэг аймгийн төвүүд хот болон өргөжиж, Дархан, Эрдэнэт хотууд улам хөгжих эхлэл Үндсэн хуулиар тавигдлаа гэж олон хүн харж, хүлээж байна. Зүүн бүсийн тулгуур төв Дорнод, баруун бүсийн тулгуур төв Ховд хотуудад л гэхэд хоёр хөрштэйгөө худалдаа, наймааг эрчимжүүлж, эдийн засгаа солонгоруулан аялал жуулчлалыг хөгжүүлж, санхүүгээ хүчирхэгжүүлэн хөгжих бэлэн суурь хөрс бий.
Дархан-Уул аймгийнхан л гэхэд Дархан хотоо Монголын эдийн засаг, банк, санхүү, бизнесийн төв болгон хөгжүүлэх хөтөлбөрийг олон жилийн өмнөөс ярьж, төр, засгийнханд өргөн барьж, танилцуулсаар ирсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Дарханыхан энэ төсөл, хөтөлбөрөө дахин хүчтэй ярьж эхэлсэн ажээ. Дарханыг эдийн засаг, банк, санхүү, бизнесийн төв бөгөөд Монгол Улсын хоёр дахь том хот Монголын Шанхай, Монголын Санкт Петербург, Монголын Нью-Йорк болгон хөгжүүлнэ гэсэн том амбийц тэдэнд буй юм билээ.
Энэ мэт санал санаачилгууд бусад аймгуудаас ч гарах нь мэдээж. Өмнөговийн төв Даланзадгадыг л гэхэд өмнийн говийн уул уурхайн мега төслүүддээ түшиглэн том хот болгон хөгжүүлэх бүрэн боломжтой. Өвлийн цагт нийслэлчүүд утаа, хүйтэн хоёроос зугтмаар бол дулаан говийн Даланзадгад хотод түр амьдарч, худалдаа, үйлчилгээний салбарт нь хөрөнгө оруулж, амарч зугаалж, аялдаг байхад болохгүй юмгүй. Монгол Улс XXI зуунд 22 хоттой болох цаг айсуй.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: eagle.mn