Авлига албан тушаалын хэргүүд "хөдөлж" "чонын ав" эхэллээ

Авлига албан тушаалын хэргүүд "хөдөлж" "чонын ав" эхэллээ
Энэ цаг үеийн Монголын нийгмийн хамгийн дуулиантай сэдэв бол авлига, албан тушаалын хэргүүд. Эх орноо төлөөлөн гадаадад суугаа Элчин сайд нь оффшорт мөнгө угаасан дуулиан уржигдархан дэгдлээ. АТГ-ын мөрдөгч нар гүйцэтгэх ажиллагааны журмаар Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөрийн албан тушаалаа урвуулсан хэргийг илрүүлж, түүнд хилийн хоригтогтоон шалгаж эхлээд байна. Энэ бол маш том дуулиан, маш том факт. Монгол төрийн түшээ хилийн чанадад эх орноо төлөөлөн суухдаа Монголын эрдэнэсийн санд хуримтлагдах визний хураамжийн мөнгийг хүүлж, эхнэр, хүүхдийнхээ нэрээр дамжуулан Францад усан үзмийн талбайтай тансаг байр худалдаж авна гэдэг том зүрх. Харин түүний булхайтай үйлдлийг таслан зогсоож, бусад нэгэнд нь сануулга өгч чадлаа. Үнэндээ авлига албан тушаалын хэргүүд 2019 оны хувьд ар, араасаа цуварлаа. 
Салхитын мөнгөний ордын хэрэгт нэр төртэй шүүгчид авлигын хэргээр холбогдож, Эрдэнэт үйлдвэрийн албатууд оффшороор дамжин зэсийн худалдаачдаас мөнгө авч Монгол руу санхүүгийн салбарт угаадаг хэрэг гээд дуулиантай хэргүүд мандсан. АТГ-ынхан илрүүлсэн. Нэг үе загас, жараахайнаас хэтэрдэггүй, акул барьж зүрхэлдэггүй гэж нийгэмд чичлэгдэж байсан АТГ өнөөдөр зоригтой ажиллаж байна. Тэдний ажиллагааг “Чонын ав” гэж нэрлэх нэгэн ч байна.
УИХ-аас өнгөрсөн тавдугаар сард Авлигатай тэмцэх газрын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилсон билээ. Шинэ удирдлагууд прокурорын байгууллагатай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж ажлаа эхлүүлсэн нь өнөөдрийн үр дүнгийн эхлэл байсан гэж мэргэжлийн хүмүүс онцолдог. Тэд шийдэмгий ажиллаж чадлаа. Тэр сайд, энэ даргын авлигын хэргийг илрүүллээ гээд сураг алдарсан хэргүүд энэ онд хөдөлсөн. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө төрийг худалдах алдарт 60 тэрбумын хэрэг, жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан бага хүүтэй зээлийг төрийн түшээд хүртсэн ЖДҮХС-тай холбоотой хэрэг, Хөгжлийн банкны удирдлагууд албан тушаалаа урвуулсан хэрэг, Хотын дарга асан Э.Бат- Үүлд холбогдох авлигын хэрэг, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын арилжааны банкуудаас хахуульд авсан мөнгөө бусдын нэрээр Австрали руу шилжүүлж хотын төвд хаус авч угаасан хэрэг гээд нэрлэвэл урт дараалал үүснэ. Олон жил гацсан “Оюу толгой”-н гэрээтэй холбоотой, түүнийг дагаад Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг АТГ-ынхан шуурхай шалгаж дуусган, прокурорт хянуулан шүүхэд шилжүүлжээ.
Сангийн сайд С.Баярцогт нарын оффшорт хууль бус хөрөнгө хадгалж, Монгол руу бусдын нэрээр банкаар дамжуулж авч угаадаг хэрэг, за тэгээд Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан, Ховд аймгийнхны лицензийн хэрэг, Салхитын ордын хэрэгт холбогдсон зургаан шүүгч, Сайд асан Ганбат Доржханд нарын бусдаас 200 сая төгрөг хахуульд авч замын тендер өгсөн хэрэг, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвийн 3,5 сая долларын хахуулын хэрэг, Уул уурхайн дэд сайд асан Эрдэнэбулганы “Арева” компаниас 1,2 сая евро хахуулд авч тусгай зөвшөөрөл гаргаж өгсөн хэргүүд ч эдүгээ шүүх хурлын товоо хүлээж байна. Тоон үзүүлэлтээр бол АТГ-т шалгагдаж эхэлсэн хэргүүдийн 80 хувь нь шүүхэд шилжсэн гэгдэж буй.
Хамгийн гол нь төрийн өндөр албан тушаалтнуудын гар бие оролцсон авлига, албан тушаалын томоохон хэргүүд илэрлээ, шалгалаа, эцэслэн шийдвэрлэх шатанд шилжүүллээ. Гацсан хэргүүдийн галт тэрэг хэдийнэ хөдөлсөн. Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаа эрчимжиж байгааг олон нийт үнэлж байна. АТГ-ын “Чонын ав” ажиллагаа амжилттай хэрэгжиж байна гэж учир мэдэх хүмүүс ч онцолж эхэллээ.
Тэгвэл одоо авлига албан тушаалын энэ том хэргүүд хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ. Мөрдөгчдийн олон сар, жил хойноос нь хөөж илрүүлэн шалгасан хичээл зүтгэл хэрхэн үнэлэгдэх нь шүүхээс хамаарна. Тиймээс шүүх яаж шийдэхийг монголчууд харж, хүлээж байна.

Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0