Шүүхийн байгууллагад эмгэнэл илэрхийлье

Шүүхийн байгууллагад эмгэнэл илэрхийлье
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас есдүгээр сарын 19-20 нд шилжих шөнө дуучин Б.Амархүүг өөрийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилсан байдаг. Улмаар түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулж, Хан-Уул дүүргийн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тэгвэл өчигдөр Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргаад байна.
Магадлалын үндэслэл: Б.Амархүүд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан хугацаанд хянаж үзэхэд:
-Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нь дутуу хийгдсэн
-Хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй
-Нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, шалгаагүй
-Хэрэгт авагдсан зарим нэг баримтуудад гарын үсэг зурагдаагүй, бичилт дутуу зэрэг үндэслэлүүд тогтоогдсон байна.
Эдгээр үндэслэлүүдтэй уялдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Б.Амархүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хугацаанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ. Б.Амархүүг гэм буруутай эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй гэдгийг тодотгожээ.
Хар тамхитай холбоотой асуудлууд өнөөдрийн нийгэмд түгшүүр төрүүлж байна. Гэтэл олны танил дуучин залуу ийнхүү хоёр сар гаруйхан хугацаанд хоригдоод батлан даалтад гарч байх жишээтэй. Энэ шийдвэрийг шүүх гаргав. Хамгийн аюултай нь ийнхүү олны танил нь хүмүүс яаж ч хууль зөрчсөн суллагдаад гараад ирж болдог юм байна гэх мессежийг нийгэмд маш амжилттай түгээлээ. Энэ үйл явц төлөвшиж амжаагүй өсвөр үеийнхэнд маш их, бүр аймшигтай хорлонтой сэдэл өгнө. Эргэлзэх хэрэггүй. Хүүхдүүд тэр тусмаа өсвөр насныхан хууль зөрчсөн бол хариуцлагаа үүрдэг байх ёстойг энэ үйл явц харуулсангүй. Шүүх хатуу арга хэмжээ авах байсан ч тэгсэнгүй, толгойг нь илж, өөгшүүлэв. Хар тамхи хэрэглэн мансуурч байгаад баригдсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас тухайн үед өгч байсан ч шүүхийн шийдвэр гарах болохыг түүнийг хэрэглэсэн гэх үг өгүүлбэр “алга болж” өөр зүйл ангиар ял сонссон. Харин одоо батлан даалтад гаргачихлаа. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэх үгийг уншигч та сонсож л байсан биз. Үүнтэй ижилхэн Монгол Улсын шүүх хар тамхичдын толгойг илсэн шийдвэр гаргаж, тэднийг даврааж эрхлүүлж байна.
Хууль байгаад хэрэглэж чадахгүй. Шүүх байгаад шударга шийдвэр гаргаж чадахгүй байгаа үйл явцад Ц.Нямдорж сайдын хэлдэгчлэн эмгэнэл илэрхийлье.

О.Онон
Эх сурвалж: Olloo.mn
скачать dle 12.0