“Өвлийн идэш” өгсөн Ч.Улаан сайдад талархая

“Өвлийн идэш” өгсөн Ч.Улаан сайдад талархая
Сайн муу хэлүүлж Монголын улстөрд  зэгсэн хугацаанд ажилласан тэрбээр нүдээ олсон нэг ажил хийлээ. Муу хэлж байдаг нь тэртээ тэргүй л улстөр. Гэхдээ ЖДҮ-чид гарч ирэхэд мань хүн “ЖДҮ-чдийг хулгайч гэх юм уу луйварчин ч гэх юм яг юу гэж хэлэхээ бас мэдэхгүй л байна” гэчихсэн нь ангийн, тэр тумсаа намын нөхдийнхөө дургүйг хүргэсэн нь мэдээж.
Ч.Улаан бол урвагч “Нам дамжсан  биеэ үнэлэгч” энэ тэр гээд зөндөө л муулуулсан ч тэр холбирсон нь үгүй. Доош нь хийх тусам долоон бурхан од шиг гялалзанаа л гэж явдаг хүн.
Тэр анхдагч байж чадлаа. МАА-н орон гэгддэг монголчууд хэзээ ингэж малчдын гар дээрээс мах авч байлаа. Дунд нь зуучлагч, тээвэрлэгч нэрээр ямар нэгэн хавчуурга орчихдог учраас нийслэлчүүд сүүлийн хэдэн жил хямд үнэтэй, чанартай мах зооглохоо бүр байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлээд энэ сарын 20-ныг хүртэл нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа явагдана. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулж байгаа нь энэ. Товчхондоо бол иргэд ямар ч дундын зуучлагчгүйгээр малчдын гар дээрээс шууд мах авах боломжтой болж байгаа гэсэн үг.
Мэдээж малчид махаа борлуулахын тулд зохих үзлэг шинжилгээ, гарал үүслийн тодорхойлолт энэ тэр гээд бүхий л бичиг баримтаа бүрдүүлэх нь тодорхой. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн сэтгэл амар, уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт бэлтгэсэн мах, малын дайвар бүтээгдэхүүн авна, хэрэглэнэ.
Энэ бол Ч.Улаан сайдын толгойлж байгаа яамныхны хийж буй сайн ажил, сайн жишээ. Юутай ч тэд эхлүүллээ. Харин жилээс жилд ажил, уламжлал болгоод аваад явбал болох нь тэр.
Муу сайн хэлүүлдэг ч төдийлэн адгаад байдаггүй, аливаад авах гээхийн ухаанаар хандаад сурчихсан гэмээр тэрээр 2012 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвших квот олж авахын тулд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хамтаар МАХН-д элсэн орсон. Үнийгээ өөрөө ч нэг их үгүйсгэж байгаагүй гэхэд болно. Ингээд УИХ-ын гишүүн болсон төдийгүй Сангийн сайдаар томилогдон ажилласан. 2016 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймагт дахин нэр дэвшсэн тэрээр 500 сая төгрөг тарааж санал худалдаж авсан гэх бараан мэдээтэй байсан ч УИХ-ын гишүүн болж чадсан. Тэр ингэж улстөрд дахин орж ирж чадсан шигээ “Өвлийн идэш” арга хэмжээг анхлан зохион байгуулж чадлаа. Нийслэлчүүд танд талархаж байгааг уламжилъя.

С.Цээл
Эх сурвалж: erennews.mn


скачать dle 12.0