Д.Одбаяр Цэцийн даргаа өгөөд зогсохгүй Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх ёстой

Д.Одбаяр Цэцийн даргаа өгөөд зогсохгүй Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх ёстой
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг эх орондоо ирэнгүүтээ ажлаа өгч, Цэцийн гишүүнээсээ ч сайн дураараа чөлөөлөгдөх ёстой хэмээн үзэж байсан олон нийтийн хүлээлт талаар болж байх шиг байна.
Учир нь өнгөрөгч баасан гаригт Үндсэн хуулийн цэц Д.Одбаярыг Цэцийн даргаас огцруулах асуудлыг авч хэлэлцэхээр хуралдсан ч Цэцийн дарга нь уг хурлыг орхин гарсан тухай хэвлэлүүд мэдээллээ. Тэр өөрийгөө гэм буруугүй, харин Өмнөд Солонгосын талаас явуулсан гүйцэтгэх ажиллагааны золиос болсон гэсэн байна. Харин өнөөдөр энэ тухайгаа хэвлэл мэдээллийнхний өмнө ярих бололтой.
Сануулахад Үндсэн хуулийн Цэцийн даргыг Цэцийн гишүүд дундаасаа томилдог. Тиймээс огцруулах эрх нь ч бас тэдэнд бий гэсэн үг. Харин Цэцийн гишүүнээс огцруулах чөлөөлөх асуудлыг түүнийг томилсон байгууллага буюу УИХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой.
Монгол Улсын хуулиар Цэцийн гишүүнийг огцруулах чөлөөлөх гурван л үндэслэл бий. Нэгдүгээрт, гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсоны дараа албан тушаалаас нь чөлөөлдөг. Хоёрдугаарт, нас барсан тохиолдолд, өвчний учир, эсвэл өөрөө сайн дураараа өргөдлөө өгсөн тохиолдолд чөлөөлөх хуулийн зохицуулалттай.
Гэтэл энэ удаагийн тохиолдолд нэгдүгээрт, Цэцийн даргын бэлгийн дарамт үзүүлсэн асуудал дээр Өмнөд Солонгосын тал эрүүгийн хэрэг үүсгэж чадсангүй. Нотлох баримт байхгүй гээд торгууль төлүүлээд буцаасан байна. Хоёрдугаарт, Монгол Улсын хуульд бэлгийн дарамтыг эрүүгийн хэрэг гэж үздэггүй. 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад үүнийг гэмт хэрэгт тооцож, нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оноохоор хуульчилсан байсныг 2017 онд МАН-ын Засгийн газар, Хууль зүйн сайд нь хуульд өөрчлөлт оруулахдаа бүтнээр нь хасаад хаячихсан.
Тиймээс Д.Одбаярт хуулийн хариуцлага тооцох боломжгүй гэсэн үг. Гэтэл бас улс төрийн албан тушаалтан биш, намаас томилоогүй учраас улс төрийн хариуцлага тооцох боломжгүй. Гуравдугаарт, “ёс зүйн хувьд хариуцлага хүлээх” гэж нэг зүйл байдаг ч түүнийг хүн өөрөө хүсч байж хийдэг зүйл. Санаж байгаа биз дээ, С.Баярцогт УИХ-ын дэд дарга байхдаа “оффшор” компанийнхаа дансанд 1800 доллар мартсан, ХОМ-тээ тусгаагүй гээд өөрийн хүсэлтээр УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөж байлаа. Харин Д.Одбаярын хувьд тэгэх бодолгүй байх шиг байна. Солонгосын тал над рээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, шударга бусын хонгилоор чирсэн гэх маягийн зүйл яриад байгаа. Тэр ч байтугай Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзана гээд, уурлаад хаалга саваад гарсан гэсэн.
Гэхдээ өөр бас гарц байна. Нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн даргыг үйлдсэн гэмийнхээ төлөө уучлал гуйж, албан тушаалаасаа огцрохыг шаардсан хөдөлгөөн өрнүүлж, иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг нэг удаа ийм аргаар огцруулж байсныг уншигчид санаж байгаа байх. УИХ, Засгийн газрын гишүүд нь өөрсдөө гудамжинд гарч жагсаад, иргэдийг уриалаад М.Энхболдыг өөрөөр нь өргөдлийг нь өгүүлж байлаа. Энэ бол сүүлчийн арга.
Учир нь Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээр /тухайн улсын туг далбаатай агаарын болон усан замын хөлөг нь тухайн улсын нутаг дэвсгэрт тооцогдож, тухайн улсын хууль үйлчилдэг/ гэмт хэрэг өдүүлээд, хэдийгээр ялгүй өнгөрсөн ч гэсэн хөөгдөж ирсэн Цэцийн дарга эх орондоо ирээд ямар ч хариуцлага хүлээсэнгүй гэвэл бид дэлхийн шившиг болно. Монгол Улсын нэр хүнд дэндүү ихээр унана. Ялангуяа Солонгосын хэвлэл мэдээллийнхэн ажлаа хэтэрхий сайн хийж, манай хүний өдүүлсэн хэрэг болоод өгсөн мэдүүлэг, хэргийн явцын талаар өдөр алгасахгүй дэлхийн олон хэлээр мэдээлэл цацсаны дараа.
Тиймээс хэдийгээр хуульгүй ч гэсэн Д.Одбаяр өөрөө уг үйлдэлдээ ёс зүйн хувьд хариуцлага хүлээгээд сайн дураараа огцрох нь манай улсын нэр хүндийн хувьд аврал болно. Учир нь энэ бол Д.Одбаяр гэдэг хувь хүний сайн, муутай холбоотой асуудал биш. Бүхэл бүтэн улс үндэстний нэр төр, ёс суртахуунтай холбоотой асуудал. Өөрөө сайн дураараа чаддаггүй юм гэхэд нийгмээрээ энэ хүнийг шахаж шаардаж, жагсч, цуглаж байгаад ч болтугай ажил, албан тушаалыг нь өгүүлж чадвал “Монголчууд арай ч бүгдээрээ Д.Одбаяр шиг биш ажээ. Бас ч  гэж шударга ёсны мэдрэмжтэй, хөгжилгүй буурай ч гэлээ нэр төрөө эрхэмлэдэг ард түмэн юм” гэдгийг дэлхийн бусад орны ард түмэнд харуулах хэрэгтэй. Өөрсдөө ч бас иймэрхүү зүйлд бага багаар дасч, итгэж үнэмшиж байж урагшилж хөгжинө шүү дээ. Хэдий болтол улс үндэстнийхээ нэр хүндийг увайгүй хэдэн дарга нарынхаа үг үйлдлээр хэмжүүлээд, өөрсдөө хойно нь дэмий халаглаж суух билээ.

Б.Сэмүүн
Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0