Монгол иргэд гадаадын тагнуулаар ажилладаг уу?

Монгол иргэд гадаадын тагнуулаар ажилладаг уу?
Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мэдэгдэл гаргав. Тагнуулын байгууллага тэр бүр мэдэгдэл гаргаад байдаггүй бөгөөд энэ удаагийнх бүр ноцтой буюу монгол иргэдийг гадаадын тагнуулын байгууллага элсүүлэн авч байгаа тухай байсан юм. Уг мэдэгдэлд,
Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын иргэдийг хамтран ажиллахыг ятгах, хамтран ажиллахаар тохиролцох, улмаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлуулах буюу дамжуулж авах тохиолдол гарах боллоо. Ялангуяа тэд манай төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээдийг ашиглах эрмэлзэлтэй байдаг гээд өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийж байсан гадаадын иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан манай улсын иргэдийн үйлдлийг илрүүлж, Төрийн нууц задруулсан гэсэн үндэслэлээр гадаадын иргэн “В”-д 13 жилийн хорих ял, Монгол Улсын иргэн “А”-д 13 жил 3 сарын хорих ял, Монгол Улсын иргэн “М”-д 13 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг мэдээлсэн байсан юм.
Хамгийн сүүлд буюу "Голомт" хотхоны нэгэн орцны үүдийг  нийслэл даяараа бүтэн хоёр цагийн турш ширтсэний эцэст хэдэн хайрцаг бүхий бичиг баримт авч гарсан нь дээрх хэргийн нотлох баримт байсан гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэгвэл үүнээс өмнө эх орноосоо урвасан, төрийн нууц задруулсан гэсэн зүйл заалтаар ямар хүмүүс шийтгэгдэж байсан юм бол.
УИХ-ын гишүүний зөвлөх ял авсан
З.Пагмажав гэх хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2015 оны наймдугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Тус шүүх хурлаас З.Пагмажавыг эх орноосоо урвасан гэм буруутай гэж үзэн 16 жилийн ял оноожээ. Тэрээр УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажилладаг байх үеэс эхлэн зөвлөхөөр нь ажилладаг байсан аж.
Өнгөрсөн  хугацаанд З.Пагмажав нь Тайвань улс руу Монгол Улстай холбоотой нууцын зэрэглэлтэй мэдээ,мэдээллийг гаргадаг байсан нь тогтоогдсон бөгөөд шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 79.1-ээр буюу Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон гэсэн үндэслэлээр буруутгажээ.
Монгол иргэд гадаадын тагнуулаар ажилладаг уу?
Д.Цахилгаан: Хүүг маань яллахаас илүү улсын аюулгүй байдалд санаа зовж байна
2010 онд ахмад дипломатч Д.Цахилгааны хүү Ц.Жаргалсайхан  УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Төрийн нууцтай холбоотой мэдээллийг гадаад улсад дамжуулсан буюу эх орноосоо урвасан хэргээр яллагдаж, түүнд анхан шатны шүүхээр 17 жилийн ял сонсгосон байдаг. Тухайн үед ТЕГ-ын албаны хүн “Ц.Жаргалсайхан нь Төрийн нууцад хамаарах бичиг баримтыг бусдад задалсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон" хэмээн мэдэгдэж байв. Ц.Жаргалсайхан нь Гадаад харилцааны яамны хойд, урд хөршийг хариуцсан нарийн бичгийн дарга нараар дамжуулан төрийн өндөрлөгүүдийн ОХУ-д хийсэн айлчлалын талаарх баримт бичгийг хууль бусаар удаа дараа авдаг байсан. Түүнийгээ БНХАУ-ын тодорхой албан тушаал хашдаг танилууддаа цахим шуудангаар илгээсэн нь нотлогджээ.
Мөн Ц.Жаргалсайханыг Хятадын тусгай албадтай ямар нэгэн талаараа холбоотой байж болохыг Гадаад харилцааны яамны ажилтан Г.Байгальмаа, Г.Сувдсүрэн шүүх хурлын үеэр нотолж байсан тухай эх сурвалжууд мэдээлж байв.
Хожим нь эл хэргийг Улсын дээд шүүх хянан үзээд  Ц.Жаргалсайханыг эх орноосоо урваагүй, зөвхөн төрийн нууц задруулсан гэж үзээд оноосон шийтгэлийг нь 5 жил хорих ял болгон өөрчилснөөр энэ хэрэг эцэслэгджээ.  Ц.Жаргалсайхан нь Төрийн нууцад хамааралтай баримт бичиг гэж гэж мэдэлгүйгээр  цахим шуудангаар төрийн өндөр хэмжээний айлчлалын хөтөлбөртэй холбоотой мэдээллийг гадаадын байгууллагад дамжуулсныхаа төлөө ийнхүү 5 жилийн ял авсан байдаг. Түүний аав Д.Цахилгаан “Хүүг маань яллахаас илүү улсын аюулгүй байдалд санаа зовж байна” хэмээн тухайн үед ярилцлага өгсөн байсан юм.
Монгол иргэд гадаадын тагнуулаар ажилладаг уу?
В.Нямхандын гэх хэрэг
Үүний дараа  1997-2009 оныг хүртэл ТЕГ-ын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан хурандаа В.Нямханд мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79-р зүйл ангид заасан гэмт хэрэг буюу эх орноосоо урваж, төрийн нууцад хамаарагдах баримт бичгийг задруулсан гэх хэрэгт шалгагдаж эхэлсэн байдаг. Түүнийг Монголд уул уурхайн чиглэлээр ажилладаг, хятад эзэнтэй компанийн хэд хэдэн ажилтантай хоёр жил гаруй хугацаанд харилцаа холбоотой байсныг илрүүлсэн гэдэг. Үүнтэй холбоотойгоор ашигт малтмалын орд газартай холбоотой нууцад хамаарах мэдээллийг урд хөршийн иргэдэд дамжуулж  өгсөн гэсэн үндэслэлээр шалгагдаж байж болзошгүй тухай хэвлэлүүдээр гарч байсан ч холбогдох байгууллагуудаас түүнийг бүтэн хоёр жилийн туршид шалгаж, гурван ч удаа мөрдөн байцаалтад буцаан байж эцэстээ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн шүүхээс шийдвэрлэн хурандаа В.Нямхандыг цагаатгасан байна. В.Нямхандыг цагаатгахад улс төрийн маш том дэмжлэг орсон гэх яриа тухайн үед нэлээд гарсан байдаг. Хэрвээ энэ нь үнэний ортой бол чухам яагаад улсын нууц задруулсан хэргийн нотлох баримт цуглуулсан байхад түүнийг цагаатгав гэдэг нь эргэлзээтэй хэвээр үлдсэн юм.
Монгол иргэд гадаадын тагнуулаар ажилладаг уу?
Төрийн нууц задруулсан гэсэн ярианд хоёр ч Хууль зүйн сайдын нэр дурдагдсан байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа Монгол Улсын дотоод хэрэгт хамааралтай мэдээ, мэдээллийг дамжуулсан байсан тухай Wikileaks сайтыг үндэслэгч  Жулиан Ассанж өөрийн сайтдаа байршуулан олон нийтэд хүргэсэн байдаг.
Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Ж.Баатар 2010 онд салбарын сайдаа Гадаадын тагнуулын байгууллагатай холбоо, харилцаатай байж болзошгүй хэмээн тухайн үед ярьж бичиж байсан нь шүүхийн шатанд хүрч генерал төрийн нууц задруулсан гэсэн үндэслэлээр ял авснаар төгсч байжээ.

С.Сувд
Эх сурвалж: eagle.mn 
скачать dle 12.0