С.Зоригийн хэргийн гогцоо хэзээ тайлагдах вэ?

Д.Мөрөн хурандаагийн дараа генерал Ч.Амарболд уг хэргийг үргэлжлүүлэн шалгасан болов ч хэрэг бас л илрэлгүй олон жилийн нүүрийг үзсэн юм. Үүний дараа Б.Хурц генерал тэргүүтэй тагнуулын ажилтнууд С.Зоригийн хэргийг нэг мөсөн илрүүлэхээр шийдэж, уг хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүллээ хэмээн ард түмэнд ам бардам мэдэгдсэн билээ.
Хачирхалтай нь өдгөө уг хэргийг үйлдсэн этгээдүүд энэхүү хэргийг хүчээр хүлээсэн гэсэн учир битүүлэг зүйлийг хэлж байгаа бөгөөд энэ нь өнөөдөр жирийн олон түмний гайхшралыг маш ихээр төрүүлж байна.
Харин хэргийн цорын ганц гэрч Д.Булганы тухайд гэвэл анх хэрэг гарсан үеэс хойш хууль хүчний байгууллагад олон удаа байцаагдаж байсныг олон түмэн сайн мэднэ. Түүнээс хойш Д.Булган нэг хэсэгтээ л сураг тасарсан бөгөөд түүний талаар барууны нэг оронд бүр мөсөн цагаачлахаар явсан ч гэх шиг үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн мэдээлэл гарсан байсан.
Ямартай ч Д.Булганыг уг хэрэгт холбогдуулан дахин нарийвчлан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд хэргийн нарийн гогцоо өнөөг хүртэл тайлагдаагүй л байна.
С.Зориг агсаны ах дүү нарын хувьд бол анхнаасаа уг хэргийг мөрдөх ажлын хэсгийг татан буулгалгүйгээр цагдаа, тагнуулаар шалгуулах хүсэлтэйгээ илэрхийлж байсан ба өдгөө ч түүнийгээ байнга хэлж ярьдаг.
Гэхдээ юуны учир энэ олон жил хууль хүчний байгууллага чимээгүй байж байж одоо гэв гэнэт Д.Булганыг байцаах болов гэдэг ихээхэн сонирхол татаж байгаа юм.
Эцэст нь тэмдэглэж хэлэхэд хамгийн гол нь ардчилалын загалмайлсан эцэг байсан тэр хүний үхэлд хэн буруутайг ард түмэн мэдэхийг маш их хүсэж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
Тэр үүднээсээ энэхүү аймшигт хэрэг хэзээ нэгэн цагт илрэнэ гэсэн битүүхэн горьдлого олон түмний дунд байсаар байгаа бөгөөд хэрэг үйлдсэн этгээдүүд болон хэргийн гол захиалагчид хэзээ нэгэн цагт зохих шийтгэлээ амсана гэдэгт ард түмэн бүрэн дүүрэн итгэж байгааг тэмдэглэн хэлэх хэрэгтэй юм.
Ж.Батдорж
Эх сурвалж: Guren.mn