Амь нас цаг минутаар хэмжигдэх мөчид хүн ёс суртахуунаа гээдэг
Өчигдөр Засгийн газраас зохион байгуулсан яам, агентлагуудын өдөрлөгийг сурвалжилсан манай нэг сэтгүүлч “Талбай дээрх ЭМЯ-ны өдөрлөг "Сүнс"-ийн "Чихуурамч" дуугаар өндөрлөв” хэмээн жиргэсэн байна. Хөх инээд хүрэв.
"Намуун" хүүхдийн сангаас 14 аймаг, зургаан дүүргийн өрхийн эмнэлэгт 20 машин бэлэглэлээ... гэсэн мэдээ бас соошлд шуугиан тарьж байна. Сангийн үүсгэн байгуулагч буюу хандивдагч нь манай Ерөнхийлөгчийн охин юм байх. Мөнгө нь хаанаас гарсан бол? Х.Баттулгын бараг бүх бизнес хасах баланстай явдаг гэсэн...
Гэснээс сүүлийн өдрүүдэд манай хэвлэл мэдээллийнхэн, нэгэн үед мөр зэрэгцэн “тулалдаж” явсан үзэг нэгтнүүд нэг найзынхаа эмчилгээний төлбөрийг цуглуулахаар хандив, гуйлгад мордлоо.
Бөөр солиулахаас нааш эдгэрэх боломжгүй гэсэн оноштой сэтгүүлч эмэгтэй Өмнөд Солонгосыг зорихоор болов. Зөвхөн хагалгааны өмнөх эмчилгээний төлбөр нь 160 сая төгрөг. Харин манайд улсдаа ганц байдаг “бөөрний аппарат”-ад очер дугаар олдохгүй, олдсон ч цаана нь яг адилхан зовлонтой хэдэн зуун хүн хүлээж байгаа учраас байнга орох боломжгүй. Ингээд аргагүйн эрхэнд Өмнөд Солонгост эмчлүүлэхээр болсон ч эмчилгээний төлбөрт өгөх мөнгө байсангүй.
Ингээд л сэтгүүлчдийн арми тэр чигээрээ хандив гуйлгад гарлаа даа. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг болохоор хаа очиж уулзсан, сурсан хүмүүс нь цаашаа гэхгүй хүлээж авч, их, бага гэлтгүй хандив тусламж өгсөөр байгаа юм байна. Тэгсэн хэдий ч сэтгэлийн мухарт нэг л гомдолтой.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурьдсанаар халдварт бус өвчний тэргүүлэх эгнээнд чихрийн шижин, даралт ихсэх болон бөөрний архаг үрэвсэл ордог байна. Бөөрний архаг өвчтэй хүний тоо 600 саяас хол давжээ. Тэдгээр хүмүүсийн эмчилгээнд олон улсын байгууллага болон тухайн орны эрүүл мэндийн салбар нийт төсвийнхөө 80 хувийг зарцуулдаг гэсэн байна.
Сэтгүүлч бүсгүйн хувьд хорь гаруй жил мэргэжлээрээ ажилласан, хэвлэлийн олон ч редакцийг өлгийдөж авсан, салбартаа нэр хүндтэй, олонд нүүртэй. Гэхдээ тэрнээс болоод сэтгүүлчид ингэж яваа юм биш. Зүгээр л манай эрүүл мэндийн салбарын байж байгаа царай энэ.
Манай улсад гэхэд жилд 150-200 хүн бөөрний архаг дутагдалд ордог. Гэтэл дотооддоо хийж байгаа цорын ганц эмчилгээ болох бөөрний үйл ажиллагаа дэмжих аппарат нь улсын хэмжээнд ганцхан. 2000-аад онд анх сэтгүүлч болоход сонсч байсан энэ тоо хорин жилийн дараа яг хэвээрээ. Энэ хорин жил эрүүл мэндийн салбар хаана байсан юм бэ? Энэ хооронд хэдэн Засгийн газар солигдож, хэдэн хүн Эрүүл мэндийн сайдаар ажиллав.
Өөрсдөө хоолны хордлого аваад Солонгос нисдэг, “шинжилгээний цаг авчихсан байсан юм, ганц өдөр гадагшаа явж болохгүй юу" гэж ялархдаг мөртлөө өдөр тутам эмнэлгийн хаалга /дотоодынхоо шүү/ сахиж, амь гуйж яваа жирийн иргэдийн төлөө яагаад хуруу хумсаа хөдөлгөж болдоггүй улс юм. Яахаараа эрүүл мэндийн наад захын /бөөрний архаг өвчинтэй тэмцэхийн тулд улс орнууд төсвийнхөө хэдэн хувийг зарцуулж байгаа талаар дээр хэлсэн/ үйлчилгээ авахын төлөө Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүдийг царайчилж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга луу утас цохиж, “хар цагаан пиарыг чинь хийе” гэж гуйж гувшиж явах ёстой вэ?
Ямар ч хүнд хувийн нэр төр, ажил мэргэжлийн үнэ цэнэ гэж юм байдаг. Гэвч тэрнээс илүү үнэ цэнэтэй зүйл бол хүний амь, амьдрал. Хүний амь, амьдрал цаг минутаар хэмжигдэх тэр мөчид хүн өөрийн эрхэм чанар, ёс суртахуунаа гээдэг. Зааг хязгаарыг ч давдаг. Энгийн үед маш олон хүн эрүүл мэндийн салбарын энэ доройтлыг шүүмжилдэг атлаа яг өөр дээр нь ирэхээр, үр хүүхэд, эцэг эхийнх нь амь насаар хэмжигдэх тэр мөчид юу ч хийхээс буцахгүй болдог. Гуйж гувшина, танил тал, арга саам хайна, аргаа бараад авилгадна. Яг л тийм тохиолдол сэтгүүлчдэд ирээд байна. Сэтгүүлч ч гэсэн хүн.
Тиймээс хэн ч “Эрүүл мэндийн сайд та юу хийсэн бэ?” гэж асууж зүрхлэхгүй байна. Хэн нэг нь “Ерөнхий сайд та юу харж байсан бэ? гэж асуухгүй, үзгээ бариад давшихгүй байна. Гэсэн ч ард нь "гадаадад л эмчлэх юм байна, хагалгаа хийнэ гэсэн, хандив тусламж үзүүлээч" гэсэн "ард түмний" цуваа хэдэн зуугаараа. Энэ тэгээд хэний буруу вэ?
Б.Заяа
Эх сурвалж: inews.mn