Мөнгө угаасан хэргээр Гондурасын экс тэргүүн хатагтай 58 жилийн хорих ялаар шийтгүүллээ
Гондурасын Ерөнхийлөгч асан Порфирио Лобогийн эхнэр Роза Бонилла нь мөнгө угаасан, төсвийн мөнгийг үр ашиггүй шамшигдуулсан гэх хэргээр тус улсын дээд шүүхээс 58 жилийн хорих ялаар шийтгүүллээ. Энэ талаар тус улсын дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Карлос Силва өчигдөр мэдээлсэн юм.
Түүний өмгөөлөгч нь хатагтай Роза Бонилла гэм буруугүй бөгөөд Төв Америкийн улсуудын дээд шүүхэд давж заалдах гомдлыг гаргана гэдгээ мэдэгджээ. Гондурасын экс тэргүүн хатагтай Роза Бонилла нь 2018 оны хоёрдугаар сараас эхлэн гэрийн хорионд ороод байсан юм.
Тус улсын Ерөнхий прокурорын газар түүнийг 2010-2014 оны хооронд Гондурасын олон нийтийг ивээх сан болон гаднын хандив тусламжийн сангаас 779.000 ам.доллартай тэнцэх мөнгийг шамшигдуулж, зориулалтын бус зүйлд зарцуулсан гэм буруутай гэдгийг хэд хэдэн мөрдөн шалгах ажиллагаагаар нотолсон юм. Хатагтай Роза Бониллагийн шамшигдуулсан мөнгийг нийгмийн сайн сайханд чиглэгдсэн олон төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах ёстой байжээ. Гэвч тэрээр улсын сан хөмрөгөөс хууль бусаар завшсан мөнгөө эрүүл мэндийн үйлчилгээ, үнэт эдлэл худалдан авах, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх болон тансаг зэрэглэлийн хувийн орон сууц бариулахад зарцуулсан болох нь илэрсэн байна.
Мөн Гондурасын дээд шүүх экс тэргүүн хатагтай Роза Бониллагийн хамаарал бүхий этгээд болох Саул Эксобарт төрийн мөнгө шамшигдуулсан, залилан хийсэн гэх үндэслэлээр 48 жилийн хорих ял давхар оноожээ. Хэдий тэд дээд шүүхээс тогтоосон ялын хэмжээг бууруулж болох ч тус улсын хуулийн дагуу хамгийн багадаа хорих ялыг 30 жил хүртэл болгон бууруулах боломжтой аж.
Үүний дээр 2010-2014 оны хооронд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Порфирио Лобо нь “Качирос” гэх томоохон мафийн бүлэглэлтэй холбоотой ажиллаж байсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа давхар үргэлжилж байгаа юм. Түүний шүүх хурал саяхан АНУ-д болсон бөгөөд Ерөнхийлөгч Порфирио Лобо өөртэй нь холбоотой энэхүү хэргийг үгүйсгэсээр байгаа аж.
Түүний хүү болох Фабио Лобо нь хоёр жилийн өмнө АНУ-ын шүүхээс хууль бусаар их хэмжээний мансууруулах төрлийн бодис болох кокаиныг импортолсон хэргээр 24 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.
О.Мөнхбат
Эх сурвалж: Reuters